2009/12/30

Мэндчилгээ

Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

Шагнал гардууллаа

Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу алтан медаль"-иар ИНЕГ-ын Нисэх буудлын үйлчилгээний мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн, Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгч Б.Болор-Эрдэнэ шагнагджээ. Шагналыг өнөөдөр ИНЕГ-ын дарга Г.Даваа гардууллаа.

Нийт залуусынхаа өмнөөс Б.Болор-Эрдэнэдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Шагнал гардууллаа”

ИНЕГ-ын даргын мэндчилгээ

2009 он Та бидэнд урам зориг нэмж амжилт бүтээл, ухаарал, бодрол, сургамж, эргэцүүлэл аль алиныг нь үлдээж өгсөн он боллоо.

Ард түмнийнхээ дунд нисэхийнхэн гэдэг тодотголтой бид өөрийн эрхэлсэн ажил үүрэгтээ чадварлаг, хариуцлагатай ажиллалаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын эрхэм зорилгын хамгийн чухал хэсэг эдийн засгийн үр өгөөжтэй, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг найдвартай хангаж ирсэн билээ.

Энэ хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын томилгоо удсан хэдий ч үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн ба хийж бүтээсэн ололт амжилтыг нэг бүрчлэн дурдваас их цаг хугацаа орох болно. Ерөнхийдөө, нийт орлого 10 гаруй тэр бум тегрөгөөр нэмэгдэж түүний үр дүнгээр 100 гаруй ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдэх боломжтой боллоо. Үйл ажиллагааны зардлаа 2 тэр бум төгрөгөөр хэмнэж ажиллаа. Энэ бүхэн бол Иргэний агаарын тээвэрчид та бидний хичээл зүтгэл, эе эвийг эрхэмлэн дээдэлсэн сэтгэлийн үр яах аргагүй мөн.

Улирч буй онд Нисэхийнхэн бид Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО) аудит шалгалтанд бэлтгэж олон дүрэм, журмыг шинээр боловсруулан мөн олон дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт хийж мөрдөж байна. Орон нутгийн 4 нисэх буудал, 3 радар, 4 ВОР/ДМЕ гэх зэрэг шинэ шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд орууллаа.

Зарим агаарын тээвэрлэгчид шинэ онгоцоор паркаа ергөжүүлэн шинэ чиглэлд нислэг үйлдэж байгаа зэрэг амжилтаар хуучин оноо үдэж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр бид нарт олсон ололт амжилт байгаа ч цаашдынхаа ажилд илүү ихийг бүтээж, шийдэж болох асуудлуудыг орхигдуулсан байгаа нь нэгдүгээрт, Йргэний нисэхийн даргын томилгоо удсан, хоёрдугаарт, Зарим шийдвэрлэх асуудлуудын хууль эрх зүйн үндэслэл хангалтгүй байгааг хэлэх хэрэгтэй.

Ирж буй шинэ 2010 он бидний үйл ажиллагаанд онцлог жил болно. Монгол улсад нисэх хүчин байгуулагдсаны 85 жилийн ой тохионо. Мөн Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/-аас ирэх зургадугаар сард нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт, 11-р сард нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт тус тус ирнэ.

Бид энэ шалгалтанд санаачлагатай бэлдсэнээр Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, цаашид гадаад орны иргэний нисэхийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа гэдгээ нотлохын сацуу нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалт өндөр түвшинд гарна гэдэгт итгэж байна.

Манай Нисэхийнхэн алдаанаасаа сургамж авч, ололт амжилтаа эгнэгт бататгаж, ирж болох ямар ч сорилт шалгалтыг эвийн ухаанаар, эеийн хүчээр сөрөн зогсож, даван туулж чадна. Бид чадна.

Алдаа дутагдал, амжилт бүтээлийн аль аль нь манай салбар, нийгэм, иргэн бүрт байдаг учраас бид аль болох бодож эргэцүүлэх замаар шийдвэр гаргадаг байхыг эрхэмлэж байна.

Би тэргүүлж буй салбарынхаа хамт олон, миний ажлыг өдөр тутмын удирдлагаар хангадаг Засгийн газар, өдөр тутмын ажилд маань зохих дэмжлэг үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, манай агаарын тээврээр үйлчлүүлдэг ард түмэнтэйгээ хамтран хичээн зүтгэсээр байх болно гэдгээ илэрхийлье.

Манай ахмад үеийнхнээс билэгдэн ерөөж ирсэн тэнгэр нь цэлмэг, суулт нь зеөлөн байх болтугай гэдэг ерөөлийг салбарынхаа хамт олонд хүргэе. Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2010 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж хүсч байна.

Төрийн сүлд ивээж, түмний заяа түших болтугай.

ИНЕГ-ЫН ДАРГА Г.ДАВАА
Дэлгэрэнгүй “ИНЕГ-ын даргын мэндчилгээ”

2009/12/23

Тэргүүлэгчид хуралдлаа

ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдаж 2009 онд хийж бүтээсэн ажлаа хэлэлцэж дүгнэлээ. Ажлын тайлангаа Монголын залуучуудын холбоонд хүргүүлэх, мөн МЗХ-ны шагналаар шагнуулах залуучуудын талаар алба салбараас ирүүлсэн саналуудыг хэлэлцэж хүргүүлэхээр тогтсон байна.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

1. 2009 оны төлөвлөгөөний биелэлт
2. ИНЕГ, МЗХ-ны шагналд нэр дэвшүүлэх
3. Лекц уншуулах
4. Гадаад харилцааг хөгжүүлэх

Мөн ИНЗХ-ны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж "Чингис хаан" ОУБ, ГТҮША-наас тэргүүлэгчдээ өөрчилсөн байна.
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдлаа”

Буянт-Ухаа баг өрсөлдөнө

Монголын волейболын үндэсний лигийн тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын эхээр Эрдэнэт хотод эхэлсэн.

Харамсалтай, томуугийн А хүрээний H1N1 вирусийн улмаас лигийн тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл ирэх оны хамгийн эхний тэмцээн волейболын үндэсний 14 дэх удаагийн лигийн тэмцээн байх бололтой. Спортын төв ордонд ирэх сарын 3-14-нд лигийн тэмцээн өдөр бүр явагдах юм байна.

Энэ удаагийн лигт эрэгтэйчүүдийн өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа”, мөнгөн медальт “Харх” , хүрэл медальт “Эрчим”, “Уурхайчин”, “Ноён”, эмэгтэйд “Эрчим”, “ТЭЦ IV”, “Уурхайчин”, “Бөртэ чоно” 2009 наадмын шилдэг багаар тодорсон “Энагурэ” гэсэн дөрвөн баг тойргоор тоглож аваргаа тодруулна.

Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn/
Дэлгэрэнгүй “Буянт-Ухаа баг өрсөлдөнө”

2009/11/30

4000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангах үйл ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулагдана

Иргэд, төрийн албан хаагчдыг Орон сууцны урт хугацааны зээлд хамруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Энэ тухай өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.

Урт хугацааны зээлээр 4000 айлын орон сууц борлуулах энэхүү үйл ажиллагааны танилцуулга үзэсгэлэн ирэх сарын 2-12ны өдрүүдэд Баянмонгол хороолол дахь үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм байна. Та энэ талаар сонирхож байвал тус үзэсгэлэнг зорьж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Зээлийн Ерөнхий нөхцөл:

-Зээлийн хэмжээ: 40 сая хүртэл
-Зээлийн хүү, хугацаа: Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүү, хугацаанаас шалтгаалан Сангийн яам тогтооно
-Урьдчилгаа: Орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байх

Зээлийн шалгуур:

-Төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх
-Зээл хүсэгч нь хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн тохируулга хийх боломжтой байх
-Зээл хүсэгч нь Зээлийн ерөнхий нөхцөлийн 1-т заасан зээлийн хэмжээг бүрэн ашиглах тохиолдолд зээлд хамрагдах өрхийн 2 гишүүний сарын дундаж цалингийн нийлбэр 650,000 төгрөгөөс дээш байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:

-Төрийн албан хаагчийн зээлийн өргөдөл, анкет
-Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтран зээлдэгч, өрхийн насанд хүрсэн бүх гишүүдийн/
-Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Ажлын газрын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн бусад гишүүдэд адил хамаарна. Тодорхойлолтод ажил, албан тушаал, ажиллаж буй хугацаа, цалингийн хэмжээг тусгасан байна/
-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан, НДБайгууллагаар бүрэн баталгаажсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүдийн/
-Өрхийн бусад орлого тодорхойлох баримтууд /гэр бүлийн бусад гишүүдийн бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний гэх мэт/
-Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулиар
-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
Дэлгэрэнгүй “4000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангах үйл ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулагдана”

Маргааш дэлхийн дахинаа ДОХ-оос сэргийлэх єдрийг тэмдэглэн єнгєрvvлнэ!


Єнєєдєр дэлхий дахинаа 34 790 172 хvн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Мєн 16 секунд тутамд нэг хvн ДОХ-ын улмаас амь насаа алдаж, 12 секунд тутамд нэг хvн ХДХВ-ийн халдварт єртєж байгаа тоо баримт байдаг. Хамгийн харамсалтай нь 15-аас доош насны 1,9-2,3 сая хvvхэд єдгєє ХДХВ-ийн халдварт єртєєд байна. Манай улсын хувьд єнєєдрийн байдлаар 61 хvн ХДХВ/ДОХ-ын халдварт єртсєн гэдэг мэдээлэл бий. Харин манай хойд хєрш ОХУ-д халдвартай хvний тоо 10 саяыг даваад байгаа бол ємнєд хєрш БНХАУ-д 1,5 сая хvн байгаа гэсэн албан ёсны тоо байдаг. Харин албан бус тоогоор ємнєд хєршид хавьгvй олон халдвартай иргэн бий гэсэн таамаглалыг дэвшvvлдэг юм. Сvvлийн vед манай орны залуусын хувьд шилжих хєдєлгєєн нэмэгдсэн учир илvv эрсдэлтэй байдал бий болоод байна. Хойд ємнєд хєршvvд болон Ємнєд Солонгос зэрэг ХДХВ/ДОХ-ын халдвар эрчимтэй нэмэгдэж буй орнууд руу ихээр зорчих болсон нь залуусын хувьд тун ч болгоомжтой байх хэрэгтэйг сануулж байна. ХДХВ/ДОХ нь урьдчилан сэргийлж болдог халдвар гэдгийг хэн хvнгvй мэднэ. Хэрвээ та бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж, тохиолдлын бэлгийн хавьталд орохоос зайлсхийж сурах аваас энэ халдварт єртєхгvй боломж танд байна. Мєн эмнэлэгийн байгууллагуудаар vйлчлvvлэхдээ нэг удаагийн зvv тариур, багаж хэрэгслийг хувь хvнийхээ vvднээс шаардаж vйлчлvvлэх эрхтэй. Энэ нь шивээс хийлгэхэд ч хамаарна. Хамгийн гол нь нэгэнт ахуйн замаар халдварлахгvй тул ХДХВ/ДОХ-той иргэдийг бvv ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлоорой. Тэд таньтай л адил хvн гэдгийг санаж, тэднийг нийгэмд сэтгэл санаа єєдрєгєєр ажиллаж, амьдрахад нь туслаарай.

http://gokzaluus.wordpress.com/ -ээс авав.
Дэлгэрэнгүй “Маргааш дэлхийн дахинаа ДОХ-оос сэргийлэх єдрийг тэмдэглэн єнгєрvvлнэ!”

2009/11/29

АА-ны дарга Б.Мөнхжаргалын авсан гэрэл зургуудаас...

Дэлгэрэнгүй “АА-ны дарга Б.Мөнхжаргалын авсан гэрэл зургуудаас...”

Хөгжлийн өөр гарц (Ц.Бат)

Телевизийн нэг сувгаар орвонгоороо эргэсэн Монголын уул тал, ширгэсэн голууд, нөгөө сувгаар Оюу толгой, Таван толгой тойрсон хэрүүл, бас нэг сувгаар нь олоогүй (олдохгүй) ашгаа хуваах толхилцоонууд гарч байх юм. Олон хүний ярианаас уул уурхай хөгжвөл ажлын байр нэмэгдээд ард нийтээрээ цэнгэлийн манлайд ойртох тухай санаанууд хөвөрнө.

Мөнгийг тэрбумаар нь хүүдийлж, мянгыг амны цаас шиг тоохгүй болох цаг өнөөгийн хариуцлагагүйн үерээс азаар амь гарсан жаахан хүүд ирэх юм байх. Монголчууд үнэхээр уул уурхайгаар халуурч байна. Олон “эрдэмтэд”, “эдийн засагчид”, “суутнууд” үүнээс өөр хөгжлийн гарц үгүй хэмээн “нотолцгоон” энэ халуурлыг солиорол руу улам ойртуулна. Улс төрчид маань алсын хараа гэхээсээ өнөө маргаашийн оноо цуглуулах жалгын улс төр, популизмаар амьсгалан улсаа “зална”. Харамсалтай нь жалгын улс төрөөр залагдсан улс жалга ангал руу л дөхөх нь ойлгомжтой.

Олон олон “эх орончид”-ын нэгэн адилаар би ч бас уул уурхайн халуурлыг битүүхэндээ дэмжиж л байна. Гэхдээ цэнгэлийн манлайд түүний тусламжтайгаар хүрнэ гэдэг утгаар нь бус, харин дээрмийн уул уурхайн уруй Монголыг дайраад бүх юм болоод өнгөрсөний дараа хаягдал шороон дээрээ хөөрхий нинжа шиг хоосон хоцорсон Монголчуудын нүд гэнэт нээгдэж, ухаарал сэхээрлээ аван өөр аргаар амьдрах арга хайж олох зөв цагийг ойртуулахад өнөөгийн энэ халуурал хэрэг болох болвуу гэдэг утгаар нь. Ер нь бол газрын гүнээс гамшгаас өөр энгийн ардад наалдацтай юм нэг их гарч ирэх нь юу л бол. Ашигтай наалдацтай юмс гарч ирлээ ч энэ баялагаар нь зөвхөн өнөө үеийхэн л туйлаад, талаар нэг нялаад л дуусгах шинжтэй. Харин дараа нь олсон хэдээрээ сүйдэж гундсан уул овоодоо мянгантаа тахиад ч амь зуух аргагүй болох өдөр энэ хурдаар явбал нэг их холгүй бололтойдог. Уул уурхай шүтсэн “хөгжлийн” энэ гарц ер нь нэг л бишээ.
Тэхдээ Монголчууд бид нэгэнт олон уурхай нээгээд арвин нүгэл хуралдуудаад эхэлчихсэн тул ядаж одоо байгаа тэднээсээ олж байгаа хэдээ зөв зарцуулан алсдаа хөнөөл багатай аргаар хоолоо олдог болох аяаа бодож байхгүй бол горьгүй нь ээ. Хэдүүлээ ухаад авчихсан уурхайн шороон дээрээ шалз шиг хаягдан санаашрахаасаа өмнө хөгжлийн өөр гарцыг хайцгаая.
Хөгжилд хүрнэ гэдэг бол зөв бизнесийг олж зөв хөгжүүлнэ л гэсэн үг юм. Бизнес амжилттай байхад гурван гол зүйл тун ч чухал байдаг юм. Тэр нь нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт мөн л байрлал байдаг. Оюу толгойн зэс олдошгүй баялаг агууламжтайдаа ч биш, таван толгойн нүүрс илүү илчтэйдээ ч ингэж үнэд ороод байгаа биш юм. Оюу толгой бол бараг хайлах цехийнхээ гадаа байгаа хүдэр, таван толгой бол зуухныхаа аман дээр шахуу байгаа нүүрс гэдэгтээ л ингэж түмний хорхойг нь хөдөлгөөд байна. Байрлал л гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэрэг. Бас дээр нь нэмээд манай хяналтгүй, хариуцлагагүй, хямдхан төрийн систем их гарын шулаачдын хорхойг үнэхээр их гозолзуулж байна. Эдний хажууд Баруун Австрали, Хойд Куинслэндэд орон нутгийн “мэргэжлийн жинхэнэ хяналтын” түмэн шалгуурыг дамжин мянган шахалтын доор олборлосон эрдэс, эсвэл Мъянмарын хунтуудтай хуйвалдаж, Африкт тивээр нь иргэний дайныг үлээн хөгжөөж байж үнэ хөлс татвар түрээсгүй дээрэмдэн ачуулсан баялаг бүгд л илүү өндөр өртөгтэй болоод ирдэг. Өөрөөр хэлбэл тээврийн өртөг зардал шингэдэгээс өртөг нь өсдөг гэсэн үг. Ингэхлээр бизнесийн байрлалын давуу тал гэдэг бол тээврийн зардалтай л холбогдож яригддаг асуудал болох нь харагдаж байна. Хаана ч тийм байдаг, бүх төрлийн бизнест тийм л байсан. Тэр дотроо тээврийн бизнест өөрт нь хүртэл байрлал нь эргээд нөлөөлж байдаг.
Тээврийн бизнес гэснээс хөгжлийн өөр гарцыг эндээс өөрөөс нь хайвал яасийм бэ. Олон бизнесийн хувьд зардлын маш том хэсэг нь энд байдаг юм бол тээвэр өөрөө маш гайгүй орлоготой эд байх ёстой.

Сингапур хот усан тээврийн ашигтай байрлалаараа хөгжсөн байхад, Чикаго хот АНУ-н баруун зүүнийг холбосон авто болон төмөр замын тээврийн зангилаан дээр цэцэглэжээ.
Монгол шиг далайгүй, замгүй газарт агаарын тээврээс өөр үсрэнгүй ирээдүйтэй бүтэц ажиглагддаггүй. Төмөр замын тээвэр маань маш хязгаарлагдмал зах зээлтэйгээс гадна өмчийн хэлбэр, удаан хөшүүн байдлаараа ямар ч найдварын очийг гэрэлтүүлэх боломжийг олгохгүй байна. Монголд транзит тээврийг хөгжүүлэх боломжтой гэж олон ярьдаг ч агаарын тээврээс өөр түүнийг төгс хэмжээнд нь хүргэх бизнес үгүй.
Иймд агаарын тээврийн боломжуудаа л сонирхоё.

Тээврийн төрлүүдийн дундаас агаарын тээврийн бизнесийн ашиг байрлалаас хамгийн ихээр хамаарч байдаг. Нисэх зай нь холдох тусам ашигтай ачаалалаа хасч оронд нь шатахуунаа ачихаас өөр аргагүй болж байдгаараа их онцлог. Орчин үеийн иргэний онгоцууд хамгийн их ачаалалтайгаар дээд тал нь 5500 далайн миль буюу 10190 км орчим нисэж чадахаар бүтээгддэг. Үүнээс хол зайнд нисэхээр болбол ачаалалаа хасаж зорчигчоо цөөлөн нисэхийг хичээдэг байна. Аль болох ихээр төлбөртэй ачаалал авч явж чадсан нь нэгжийн зарлаа бууруулж өрсөлдөөнд ялж гардаг. Харин ийм таатай маршрут зах зээлийг сонгож нисэх боломж улс болгонд тэгш байдаггүй. Нэг чиглэлд нь ашигтай байсан нэгэн нөгөө чиглэлд алдахаас өөр арга байдаггүй. Жишээ нь Эмиратс компани Европ, Энэтхэг рүү тун ч ашигтай нисдэг бол Австрали, Америк руу 7000-8500 миль нисэх болдог тул тааруухан ашигтай нисдэг. Сингапур Эрлайнз ч мөн адил Европ Америкаас холдоод ашиг нь буураад явчихдаг байна.

Монголын хувьд бол байрлал маань шал өөр байдаг. Дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэс маань бидэнд агаарын тээврийн хувьд чухамхүү үнэхээр алтан байрлалыг үлдээжээ. Монголын тал нутгаас дэлхийн ихэнх том хотууд руу агаараар нисэхэд цаад тал нь 5500 милийн зайтай л байдаг юм байна. Бүх чиглэлд дүүрэн ачаалалтай нисэх ийм боломж нь дэлхийн агаарын тээврийн компаниудын захирлуудын зүүдэнд л байдаг гэж болно. Гэтэл тэр боломж бидэнд бодитоор заяажээ. Австралийн Сиднейгээс авхуулаад, Европ, Ази бүхлээрээ, Зүүн Африкийн гайхамшигт онгон байгалаас өгсүүлээд Хойд Америкийн том хотууд бараг тэр чигээрээ энэ тойрогт байх юм. Зүүд ч юм шиг. Хамгийн сонирхолтой нь эдгээр нь зүгээр нэг Монголыг тойроод оршсонгүй. Бүүр мөрөөдлийн гэмээр байрласан байх ажээ. Дэлхийн хамгийн идэвхтэй агаарын харилцаатай улс, хотуудыг холбосон хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрөхөөр байна. Австралийг Англитай, Синга-г Шинэ Йорктой, Чикагог ХонгКонгтой, Холливудийг Болливудтай, Токиог Дубайтай, Паристай холбох хамгийн шулуун агаарын шугамууд Монголын тэнгэрээр өнгөрч байна. Гэтэл эдгээр нь бол жилд хэдэн сая зорчигчоор яригддаг сүпэр зах зээлүүд гэж байгаа. Монголд 20-30 онгоцоор дэлхийн 5 тивд нислэг хийж, өөрийн нутгаар дамжуулан транзит тээвэрлэлт хийн бусдын зах зээлээс мөнгө олдог Сингапур Эйрлайнз, Эмиратс, эсвэл жилд улсын хүн амаас ч олон хүнийг өөрийн буудлаар дамжуулан тээвэрлэдэг КЛМ шиг компани буй болгох ирээдүйн төлөө л ажиллах ёстой юм биш үү гэж бодогдож байна.
Дунджаар 20 онгоцтой дунд зэргийн нисэх компанийг ажиллуулахад дор хаяж нэг нисэгч сард 50-80 цаг ниснэ гэж тооцвол 300-380 нисэгч, онгоцуудыг бэлэн байлгах 2000-2500 инженер техникийн ажилтан, 4000-4500 үйлчилэгч, болон бусад ажилтан нийлсэн нийт 12000-15000 өндөр мэргэжилийн хүний ажлын байр шинээр бий болгох шаардлага байдаг. Үүн дээр агаарын тээвэрт үйлчлэх бусад бүтцийн ажилчдыг нэмбэл иргэний нисэхэд дор хаяж 20000-22000 ажлын байр шууд буй болох боломжтой харагддаг. Ер нь бол нэг том онгоц 1000 орчим ажлын байр үүсгэдэг.
300 орчим суудалтай 20 шахам тооны онгоцуудыг 70-80 хувь дүүргэлттэйгээр арваад гол зах зээлийн хооронд Монголоор дайруулан нисгэхэд бараг 1,3-2 тэрбум долларын орлогын боломж бас харагддаг.
Хамгийн гол нь агаарын тээвэр өөрөө аялал жуулчлал, хүнс, шатахуун үйлдвэрлэл, худалдаа арилжаа зэрэг олон салбарыг чирж явдаг тул улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд ажлын шинэ байруудыг буй болгох үндсэн өдөөгч нь болох боломж их юм. Монголын хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 20 хүртэлх хувь нь агаарын тээвэр болон агаарын тээвэртэй холбоотой ажилладаг салбараас ажил олох бололцоо бий. Нийтээрээ ажилтай байх хөгжлийн гарц чинь чухам энэ биш гэж үү? Нисэхтэй холбоотой салбарт ажиллахаас Монгол залуучууд зугатаана гэж үү.

Гэхдээ ийм болоход учир их бий. Дэс дараатайгаар үе шаттайгаар чиглэсэн нэгдмэл бодлоготойгоор явбал Монголыг дэлхийн агаарын тээврийн шинэ төв болгох боломж ойрын 6-8 жилд гарч болох юм. Эхний ээлжинд саалиа бэлдхээр саваа бэлд гэдэг шиг нисэх буудлуудаа бэлдэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын нэг зорилт үүнд чиглэгдсэн нь тун ч олзуурхууштай. Одоо япон түншүүдээ шавдуулан ажлаа эхлүүлэх л хэрэгтэй байна. Эхний ээлжинд транзит зааланд нь буугаад мордсон хүн Монголд хэд хоноод хөдлөх сэтгэгдэл төрүүлэхүйц ганц сайн буудалтай байхад болоод явчих байх. Яваандаа агаарын тээвэр хөгжихийн хэрээр зайлшгүй 2-3 буудлын хэрэгцээ гарна. Тэр үед Хар хорин, Чойбалсанд нисэх буудал хөгжүүлж бүс нутгаа өөд нь татсан ч болохгүй зүйлгүй.
Хоёрдугаарт эрх зүйн үндсүүд маань бэлэн байх хэрэгтэй. Энэ бол улс төрийн шийдлийн маш чухал асуудал. Бараг ийм бизнесийн суурь хөрс нь ч гэж хэлж болох зүйл. Гол нь агаарын тээврийн эрхүүдээ нээж авах асуудал байдаг. Агаарын тээврийн нислэгийн эрхүүдийг улс орнууд бие биеэндээ харилцан солилцох журмаар л наймаацан олж авдаг зарчмыг эхлээд Парисын конвенцоор дараа нь Чикагийн конвенцоор баталгаажуулж буй болгожээ. Дэлхийн 2-р дайны дараа агаарын харилцааны эрхүүдийн эргэн тойронд явагддаг аэрополитик нь дэлхийн улс орнуудын хамгийн том анхаарал тавидаг асуудлуудын нэг болсон байна. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна гэдэг бол улс орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний давхар нотолгоо болж өгдөг нь үүний ач холбогдолыг ийнхүү өргөжээ. Алслагдмал олон улс орнуудыг шинэ хөрштэй болгож өгдөг гол гүүр нь агаарын тээвэр юм. Манай гурав дахь хөршийн бодлого ч энэ агаарын тээврээр дамжиж хэрэгжвэл тун ч сайхансан.
Агаарын харилцааны асуудал бол ганц салбарын ч биш улс орны гадаад бодлогын чухал асуудал мөний тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань үгээ нэгтгэж энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр эртний харилцаатай Энэтхэгтэй байгуулсан стандарт гэрээгээ open sky хэлэлцээр болгож чадвал тун зүгээр юмсан. Хэрэв ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж алс холд байгаа улс орнуудтай нээлттэй тэнгэрийн бодлого бүхий хэлэлцээрүүдийг байгуулж чадвал замаа чөлөөлчихөөд давхихад бэлэн боллоо л гэсэн үг. Дараа нь Европтой харилцаагаа шинэчлээд, АНУ, Сингапур, Шинэ Зеланд Чили зэрэг улсыг багтаасан олон талт лебирал хэлэлцээрт элсчихвэл ч.

Гэвч эцсийн эцэст бидэнд хүн л дутагдна. Нарийн мэргэжлийн хүмүүс дутагдна. Нисэгч, инженерүүд дутагдна. Нислэгийн удирдагчид маань цөөднө. Олон улсын өрсөлдөөнд дунд нарийн бизнесийн ньюансийг олж явж чадах чадварлаг менежерүүд дутагдана. Төр энэ дутууг гүйцээх бодлогоо эртнээс явуулах хэрэгтэй санагддаг.
Хамгийн сүүлчийн асуудал бол олон сая, тэрбумын үнэтэй олон онгоцыг яаж юугаараа авнаа гэдэг асуудал. Онгоц авахад нэг их олон зоос хэрэггүй байдаг юм. Өөрөө өөрийхөө төлбөрийг хийчихдэг бараг ганц бараа бол тээврийн онгоц. Санхүүгийн зөв схемээр явуулахад нэг хүндрэлгүй хийгддэг наймаа бол нисэх онгоцны арилжаа юм. Гол нь зах зээлийн баталгаа л чухал. Гэтэл бидний байгаа алтан байрлалаас дэлхийн зах зээл бараг тэр чигээрээ өмнө маань байна. Бидэнд эрх зүйн асуудлуудаа л зохицуулах үлдэж. Дээр нь гаалийн татвар хураамжийн тогтолцоогоо агаарын тээврийг дэмжихэд чиглүүлээд өгвөл энд төрийн зүгээс нэг их олон халамж харж үзээний хэрэггүй юм. Ер нь бол гай болохгүй бол хамгийн хурдан томордог бизнесийн салбар бол агаарын тээвэр. Ашигийн хувь харьцангүй багатай ч ажлын байр нэмэгдүүлэх нөлөөлөл нь үнэхээр гайхамшигтай.
Агаарын тээврийн бизнесийг ганц нэгээрээ хийдэггүй, нийлж нэгдэж байж хийдэг ярвигтай эд. Ганц нэгээрээ ч өмчлөхөөс зайлсхийцгээн цэрвэцгээдэг. Учир нь хариуцлагаа ганцаараа үүрэхээр зориглодог хоншоортон дэлхийд ховор. Иймээс Монголын олон капиталистууд, бизнесийн толгой тархинууд хэд гурваараа, эсвэл хэдэн арваараа хоршиж байж энэ бизнес рүү орвол дэлхийн өрсөлдөөнд тэсэж, ажлын байрыг олноор нь үүсгэж чадах байх оо. Ажлын байрыг ер нь бол хөгжиж байгаа аль ч салбар гаргаж чадна л даа. Харин Монгол залуус хүрзэт техник бариад өвгөдийнхөө бууцыг самрах “ажлын байр” руу хэр хошуурах юм бол доо гэдэг л байна. Харин агаар тэнгэрт аялан, онгон байгалаа үзүүлж жуулчин татах, ачаа тээвэрлэх, худалдаа арилжаа хийх гэх мэт бол огт өөр асуудал. Залуу хүн бүр ийм л ажлын байр руу тэмүүлж өөрийгөө хөгжүүлэхээр оролдох нь бараг баталгаатай юм. Сингапур Эйрлайнзд орох мөрөөдөлтэйгөөр өөрийгөө хөгжүүлсэн олон залуус Сингапурын эдийн засгийг нийтээр нь төрөл арилжтал нь өөрчилсөнийг дэлхий гэрчилнэ. Энэ бол нухацтайгаар бодох л ёстой хөгжлийн стратегийн асуудал юм.

Персийн буланд хэдэн нефть бүхий хэдэн жижиг улс байдаг. Экспортын хэмжээ нь Саудийн Араб, Иран, Иракийг бодвол өчүүхэн. Тэдийг дэлхий нийт сургаар гадарлах боловч хэн ч нэрээр нь нэрлэж мэддэггүй байсан үе саяхан. Гэтэл тэд ертөнцөд өөрсдийгөө мэдүүлэх мэргэн арга сэджээ. Нефтээс олсон мөнгөөрөө нэгнээсээ 300-500 км шахуу ойрхон зайд сүпер нисэх буудлуудыг байгуулан тэндээ Энэтхэг, Австрали, Африкийг Европтой холбон нислэг хийдэг авиа компаниудпыг байгуулж эхэлжээ. Qatar Airways, Emirates Airlines зэрэг нь асар түргэн томорч одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн онгоцуудыг хамгийн олноор нь захиалагч болсон байх юм. Эднийг дагаад Кувейт болон арабын бусад авиа компаниуд ч өндийж байна. Хамгийн гол нь тэд баялагаа зарж амьдрахаа больж эхэлжээ. Агаарын тээврийг түшиглэсэн аялал жуулчлал, олон улсын худалдаа, бизнес санхүүгийн төвүүд цэцэглэж эхэлж. Ажлын байр үй олноороо буй болж улсынхаа бүх хүнийг ажлаар хангаад зогсохгүй гадаадаас ажилчид, өндөр мэргэжлийн боловсон хүчнүүдийг мянга түмээр нь соронздон татагч болон хувирч байх юм. Монгол нисэгч ч тэдний дунд буй.

Гэтэл бидэнд эднээс давуу байрлал байна, дутахгүй байтугай илүү их баялаг байна. Харин эднээс ялгаатай нь бид тамын тогоо шиг утаатай хар гэртээ түгжигдэжээ. Бие маань биш сэтгэлгээ маань түгжигдэж орхиж. Энэ түгжээнээс мултрах аргаа бид газар ухаж гарах л гэж харж байх шиг байна. Хонгил ухаад гарахаар оролдож байна. Гэвч ухах тусам уруудсаар, харанхуйлсаар, халтайсаар л байна. Газар ухсан хүнд уруудах л тавилан ирдэг. Учир нь газрыг өгсөх чиглэлд ухах боломжгүй.

Таминь ээ сэтгэлгээг маань түгжсэн тамын тогоо шиг хар гэрээсээ нүх ухаж оргох уу харин тооноороо тэнгэрээр дамжин гарах уу. Нэгэнт ухаад эхэлсэн уурхай, эзэмшээд эхэлсэн баялагаас олсон хэдээ талаар нэг нялаад, популизмд цацаад дуусах уу, харин агаарын тээвэр шиг хөгжлийн хурдасгуурт хийж араа бодох уу. Японы тусламжаар орж ирэх нисэх буудлын мөнгө бол яг энд мөрөөдөж өгүүлсэн хэмжээний бизнес босгоход хараахан хүрэлцэхгүй юм. Үлдсэнийг нь уул уурхайн олзноосоо оруулъя л даа найзуудаа. Агаарын тээврийн шилдэг төвлөрөлийг Монгол байгуулж буй болгоцгооё л доо.

Тамын тогоо шиг хар гэрээсээ тооноороо гарчихвал яасийн бэ хө? аан. Гарц бэлэн байна. Дээшээ хар. Сэтгэлгээгээ чөлөөлж авцгаая. Нэгэнт ухаж гаргасан шороогоо шалаар нэг тараан цацалгүй харин нэг газар овоолж тоонондоо хүрэх гишгүүр хийе.



www.tsahimurtuu.mn сайтнаас авав.
Дэлгэрэнгүй “Хөгжлийн өөр гарц (Ц.Бат)”

2009/11/25

Омогшил

Дэлгэрэнгүй “Омогшил”

2009/11/24

Монгол Улс тунхагласны баярын мэнд !!!

Тив дэлхийг сүрээрээ дарсан ...
Тэнхээт монголын үр сад танаа
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
Хөх тэнгэрийн оронд Нартайгаа мандсан сүртэй
Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар
Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ.
Улс тунхагласны баярын мэндийг хүргэе!

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Монгол Улс тунхагласны баярын мэнд !!!”

2009/11/11

Жаргалант цогцолбор

Дэлгэрэнгүй “Жаргалант цогцолбор”

2009/11/09

Олимпийн аварга Э.Бадар-Ууган тун удахгvй дэвжээнд гарна


Чансаагаараа эхний наймд бичигддэг таван тивийн шилдгvvд тулалдах уг тэмцээнд оролцохыг хvссэн урилга манай ширэн бээлийтнvvдэд ирээд байгаа гэнэ. Харин Монголын боксын холбооноос Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Єнгєрсєн жилийн олимпоос хойш бэртэл гэмтэлд ороогдон боксын дэвжээнд тєдийлєн гараагvй байгаа Хєдєлмєрийн баатар маань энэ удаа жин єгсєн 57 кг-д єрсєлдєх ажээ. Мєн дэлхийн аваргын мєнгєн медальт Н.Тєгсцогт 51 кг, У.Мєнх-Эрдэнэ 64 кг, З.Энхзориг 60 кг-д тулалдахаар болжээ. Харин дэлхийн аварга П.Сэрдамбын хувьд уг тэмцээнийг єнжих гэнэ. Э.Бадар-Ууган Зүүнхараад бэлтгэлд гараад байгаа байгаа юм.
Дэлгэрэнгүй “Олимпийн аварга Э.Бадар-Ууган тун удахгvй дэвжээнд гарна”

2009/11/05

Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна

Цагийн цагт олны нүд чихэнд өртөж, тэр чинээгээрээ хар сэрийг дагуулж байдаг байгууллага бол ИНЕГ. Агаарын тээврийн аюулгүй байдлын "манаан"-д аних нүдээ цавчилгүй зогсдог асар хариуцлагатай бас эмзэг мэдрэмтгий энэ салбарынхан шинэхэн даргаа хүлээж аваад удаагүй байна. Цэвэр мэргэжлийн ур чадвар, жинхэнэ чадал чансаа сорьдог энэ албаныхны тухай ИНЕГ-ын дарга Г.Даваатай ярилцлаа. Тэрээр хамт олон дундаасаа "мэндэлсэн" салбартаа 20 гаруй жил зүтгэж буй мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн кадр. Удирдлагын хувьд таатай таагүй тал бүрийн уур амьсгалтай тулж суугаа Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна.
- Та ИНЕГ гэдэг энэ том айлыг удирдаад хэсэг хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд хийж амжуулсан ажилдаа сэтгэл хангалуун байна уу? - ИНЕГ 2000 гаруй ажилтантай. Иргэний нисэхийн салбарын бодпогын асуудлыг хариуцаж, аюулгүй ажиллагааны хяналт тавин, эдийн засгийн зохицуулалтыг хийдэг, нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх зэргийн олон төрлийн үйл ажиллагаатай байгууллага. Энэ байгууллагын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд эхлүүлж байгаа ажил маань байгууллагынхаа удирдлагуудтай ажиллах, ажилтнуудтай уулзаж санал солилцох, ажилтайгаа танилцах. Манай байгууллагын удирдлагууд сайн ажиллавал бусад ажиллагсдын ажил урагштай явна гэж би ойлгож байгаа. Товчхондоо хамгийн түрүүнд байгууллагыг унтаа байдлаас сэрээх талын ажил хийгдэж байна гэсэн үг. Удаан хугацааны хөгжүүлэх хөтөлбөр манайд алга байна, аюулгүй ажиллагааны талаархи бодлого зорилт алга байна. Тэгэхээр миний хувьд энэ байгууллагын урт хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж 5-6 жилийн дараа ямар хэмжээний байгууллага болох вэ гэдэг тал дээр ажиллаж эхэлж байна даа.
- Танай байгууллага даргагүй нэлээн хугацааг өнгөрөөсөн. Ажил үүрэг цалгардсан талыг нь унтаа гэж хэлээд байна гэж ойлгож байна? - Удирдлагын асуудал шийдэгдэхгүй удаан хугацаанд явчихсан учраас ажилтнууд ерөнхийдөө жаахан хойрго болчихсон байна. Зүүрмэглэж байгаа хүмүүсийг сэрээхээр мэдээж ундууцна. Шинэ дарга орж ирээд шаардлага тавьж, хариуцлага ярихаар нэг хэсэг нь хүлээж авна, нөгөө хэсэг нь юу болж байгааг сайн ойлгохгүй тийм байдалд орчихдог. Яг ийм байдал энэ байгууллагад байна. Энэ талаар хүмүүс зах зухаас нь сонин хэвлэлээс харж байгаа байх. Энэ байгууллагыг зөв залахын тулд хүнтэй нь л ажиллах ёстой. Хүнтэй ажиллана гээд би 2000 хүн тус бүртэй нь ажиллаж чадахгүй. Тэгэхээр удирдлагын түвшинг зохион байгуулахдаа барууны болон манай монголчуудын хэрэглэдэг тэр арга барилыг хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэгэхээс би өөрөө удирдлагын шинэ онол гаргаж ирээд шинэ системээр явна гэж байхгүй. Өөрийн ур чадварын хэмжээнд удирдлагын системийг мэдээж бүрдүүлж байгаа. Өнөөгийн байдлаар хүмүүсийн хандлагыг жаахан өөрчлөх, ухамсрын түвшинд ажиллах тийм л ажил хийж байна. Энэ хүн ямар ажил хийх гээд байгаа юм, ямар хөтөлбөр явуулах гээд байна тэр тал дээр хүмүүстэйгээ ойлголцож, нэг баг болохыг л зорьж байна.
- ИНЕГ-ын өмнөх дарга хэвлэлийн бай болж байж албанаасаа чөлөөлөгдсөн. Тэр орон зайн дээр орж ирж ажил үүргээ шинээр явуулж байгаа хүний хувьд хэдийгээр дотор нь он удаан жилээр ажиллаж байсан ч гэсэн өөрийн хэмжээнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болов уу? - Тийм. Би өөрийгөө онол, арга туршлагын хувьд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үздэг. Түрүүчийн даргын хувьд нэлээд ажил хийсэн. Хийсэн ажлыг нь ихэнхдээ сонин хэвлэлээс хүмүүс үнэлж байгаа байх. Хөгжлийн хувьд ажилтнуудын ухамсар тодорхой хэмжээнд хүрчихсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг байгаа байдлаас нь яаж урагш ахиулж хөгжүүлэх вэ гэсэн бодлоор ажиллаж байгаа.

- Бид ил тод, ардчилсан нийгэмд амьдарч байна. Дарга удирдлагынхаа асуудлыг хэнбугай нь ч очоод хэвлэлээр дэлгэчихэж болно. Гэхдээ л танай байгууллагын толгойгоороо оролддог амбиц хэтрээд байх шиг. Дарга бол хүн болгонд бас таалагдах албагүй шүу дээ? -Миний бодол бас тийм л дээ. Дарга хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ миний барьж ажиллаж байгаа зарчим бол ерөөсөө л ил тод байх. Наад зах нь гэхэд л веб сайтыг олон нийтэд илүү хүргэж ажлаа сурталчилъя гэж бодож байгаа. Тэгэхээр ИНЕГ-ын дарга, удирдлагын бүх тушаал шийдвэр вэб сайт дээр гардаг болсон. Он, сар, цаг хугацаатайгаа, хүсвэл хувилж авч болно. Ер нь манайд урьд нь нууц гэж үзэж байсан бүх мэдээллүүд вэб хуудсанд чөлөөтэй тавигддаг болсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэхэд цөөхөн хэдэн хүний гарт явдаг байсан бол бүгдийг нь вэб хуудсанд оруулсан. Тендер зарлах ажлыг ч оруулж байгаа. Дүгнэлт, байгуулсан гэрээ бүгд тавигдаж байгаа. Засгийн газрын ил тод байдлын тухай тогтоол өнгөрсөн 6-р сард гарсан. Тэр ил тод байдлын шалгуурыг би өөрийнхөө ажлын нэг багаж болгон хэрэглэж байгаа.
Тэгэхээр энэ шалгуурт нийцэж ажиллахаар л бүх ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь ил тод байна гэдэг ялангуяа даргад тийм ч их хүсэх асуудал биш нь ойлгомжтой. Гэвч ард түмэн ил тод байхыг шаарддаг. Өөрт хүнд байгаа ч гэсэн би аль болох ил тод байхыг л хичээж байгаа. Мэдээж ажиглагчдын хувьд ийм мэдээллийг тавих уу тавихгүй юу гэдэг асуудлууд гардаг. Засгийн газрын ил тод байдлын шалгуурыг гаргасан тогтоолын хүрээнд багтаж байгаа бол би заавал тавь гэдэг. Ил тод байдлын шалгуур үзүүлэлтэд ажилчдыг сонгон шалгаруулж авах нэг шаардлага байдаг. Сүүлийн үед 10-аад хүний ажлын байрыг сонгон шалгаруулалт зарлаж сонгож авсан. Мэдээж эхнээсээ шалгуулах бүх хүн ажлын байрны талаар мэдээлэл аваагүй юм шиг байна лээ. Зарим хүмүүс ийм тийм ажил хиймээр байна гэж шалгаруулалт дууссан хойно хүсэлт гаргадаг. Тэгэхээр байгууллагын бүх ажилчдад хүртээлтэй байх хэмжээнд сурталчилж чадаагүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ эхний гараа зөв явагдаж байгаа.
Бид сая Хөвсгөлийн нисэх буудлын даргын сонгон шалгаруулалт явуулахад олон хүн саналаа ирүүлсэн. Тэр дундаас ОХУ-д нисэхийн академи төгссөн, Чингис хаан нисэх буудалд 10-аад жил ажиллаж байгаа эрч хүчтэй чадварлаг залуу саналаа өгсөн байсан. Тэр залуу шалгарч ажилдаа томилогдсон. Булганы нисэх буудалд мөн адилхан боловсрол чадвартай залуу томилогдсон байгаа. Увс, Говь-Алтайн нисэх буудал дээр ч сонгон шалгаруулалтаар явуулсан. Мөн гадаад дотоод явдаг сургалтуудад удирдлагын нэр заасан хүмүүс явдаг байсан бол одоо бид өөрчилж байна. Ямар чиглэлээр энэ байгууллагыг хөгжүүлье гэж бодож байна, тэр хүмүүст хүргэхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байгаа. Бээжин хотод "Ядаргааны эрсдлийн менежмент" гэдэг сургалтанд нислэгийн удирдагч нарын дунд бичлэгийн уралдаан зохион байгуулаад шалгарсан 3 хүнийг явуулсан. Тэр 3 хүнийг энэ чиглэлээр судалгаа хийгээд байгууллагаа, хүмүүсээ, өөрийгөө хөгжүүлэх тийм эрмэлзэлтэй хүмүүс гэж ойлгож болно. Тайланг нь вэб хуудсанд тавьсан. Тийм хүмүүс л ажил урагшлуулж хөгжлийг авчирна. Ер нь цаашид мэргэжлийн хүмүүсийн өөрсдийнх нь сонирхол ямар чиглэлд байна түүнд үндэслэж ажлаа явуулах зорилготой байгаа.
Олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулж өөрсдийнх нь тавьсан зорилгынх нь хэмжээнд ажил хийлгэдэг байя гэсэн бодолтой байгаа. Гадаадын мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах зорилго бас бий. Ер нь удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг вэб хуудаснаас харж болно. Үүрэг чиглэл өгөхдөө дандаа и-мэйлийн систем хэрэглэж байгаа. Би өглөө 8-10 цаг хүртэл и-мэйл дээрээ суудаг. Вэб хуудсаар хүмүүсийн явуулж байгаа мэдээллийг харна, хянадаг. Ер нь олон улсын менежмент болсон электрон засаглалыг хөгжүүлэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Цаашид манай бүх үйл ажиллагаа электрон засаглалд шилжинэ.
- Та "Салбар маань өөрөө нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч олны нүд чих их орж хар сэр дагуулдаг" гэж ярьж байсан. Хүмүүс бол ИНЕГ мөнгө хүүдийлдэг газар, дарга нь уутны аман дээр суусан нөхөр л гэж байдаг нь таньд мэдрэгддэг байх? - ИНЕГ-ын дарга гэдэг үнэхээр өндөр хариуцлагатай, томоохон мөнгөний шийдвэр гаргадаг албан тушаал. Тэрнийхээ хэмжээгээр дандаа хардлага сэрдлэг дагуулж байдаг. Энэ албан тушаалтны хажууд нь ирчих бодолтой хүмүүс ч их байдаг юм байна. Хувь хүмүүсийг буруутгаад байгаа юм биш. Ерөөсөө ийм асуудлыг шийдэх ганцхан арга зам байна. Тэр арга бол системийн хэмжээнд шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Эхний ээлжинд агентлагын үйлдвэрлэлийн болон бизнесийн үйл ажиллагааг тусад нь биеийг нь даалгаж явуулах ёстой гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр үүнийг иргэний нисэхийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны дараа хийх бүрэн боломжтой. Бид ч саналаа явуулсан. Бүтцийн өөрчлөлт оруулахад хамгийн хүндрэлтэй асуудал нь ерөөсөө л байгууллагын санхүүжилтийн асуудал. Санхүүжилт нь олон улсын нислэгээс 80 хувь нь орж ирдэг, бусад 20 хувь нь үйл ажиллагаанаас бий болж байдаг ийм онцлогтой. Тэгэхээр тэр 80 хувийн орлого олдог байгууллагыг тусад нь гаргачих юм бол бусад нь яах вэ. Орон нутгийн нисэх буудлууд, агентлагынханы ажил төдийлөн сайжрахгүй байх магадлалтай.
Яагаад гэхээр нисэхийн аюулгүй ажиллагаа гэдэг бол ерөөсөө хүний ухамсар мэргэжлийн ур чадвар дээр тогтдог зүйл. Иймд аюулгүй ажиллагааны ажилтнууд, нэгдүгээрт, өндөр мэргэжилтэй байх ёстой. Хоёрт, урт удаан хугацаанд ажилласан туршлагатай байх ётой. Мөн боломжийн хэмжээний цалин хангамжтай байх ёстой. Тэгэхээр иргэний нисэхийн салбар Монголд ч гадаадад ч ерөнхийдөө биеэ даасан хэмжээнд үйл ажиллагаа явуулж байдаг. Иргэний нисэхийн салбарыг ерөнхийд нь үзэх юм бол гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадаас импортоор орж ирсэн шахуу салбар гэж хэлж болно. Яагаад гэхээр бид өнөөдөр онгоц, онгоцны тоног төхөөрөмж үйлдвэрлэхгүй хүн сургахгүй, дүрэм журам нь ОУ-ын стандарт. Өнөөдөр Монголчууд л ажиллаж байгаа болохоос биш бүх орчин дандаа ОУ-ын стандартынх байгаа. Иргэний нисэхийн салбарыг бусад салбаруудтай хамаагүй харьцуулж болохгүй гэж үздэг. Хэрвээ ингэж харьцуулбал аюулгүй ажиллагааны түвшин алдагдана, ОУ-ын хэмжээнээсээ буурна.
- Бүтцийн өөрчлөлтөө та жаахан тодруулж болох уу? Тийм ч амар шийдэгдэх ажил биш байх?
- Өнөөдөр аюулгүй ажиллагааны байдал бол бусад орныхоос 10-15 жилээр хоцорсон нэлээн доогуур байгаа. Тэгэхээр бид нар энэ ойлголтыг нь сайжруулах, хоцрогдлыг арилгах тал дээр дорвитой арга хэмжээ явуулна. Тоног төхөөрөмж авна гэдэг том асуудал биш. Тэр тоног төхөөрөмжийг яаж ажиллуулах вэ, аюулгүй ажиллагааг яаж хангах вэ гэдэг ерөөсөө л хүиий хандлага, ухамсар дээр тогтоно. Иргэний нисэхийн салбарыг монголчлох гээд байх хэрэггүй.
Өнөөдөр ямар ойлголт байна гэхээр ИНЕГ-ыг хоёр хуваагаад нэг нь улсын агентлаг, нөгөөх нь үйлдвэрийн газар байна гэсэн ойлголт байгаа. Би ч үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ санхүүжилтийг нь өөрөөр шийдэх ёстой. ИНЕГ-ын байцаагч нарын санхүүжилтийг төсвөөс авдаг, төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол энд байцаагчаар ажиллах хүн олдохгүй. Өнөөдөр нисэхийн ажилчид гадаадад ажиллах зах зээлтэй байна. Дотоодод ч тэр. Тэгэхээр бид сайн нисгэгч, инженер олж ажиллуулахгүй бол ямар хүнээр бусдыг нь хянуулах вэ? ИНЕГ гэдэг агентлаг бол ИЗИНИС, Аэро Монголиа, МИАТ зэрэг энэ авиа компаниудын аюулгүй ажиллагааг хангах тэр хяналтыг төрийн өмнөөс тавьдаг юм. Тэгэхээр тэр компаниудад ажиллаж байгаа хүмүүсээс илүү туршлага чадвартай, илүү мэргэжилтэй хүнийг ажиллуулах хэрэгтэй.
Тэгэхийн тулд илүү биш юм гэхэд ядаж боломжийн хэмжээний цалин хангамж өгөх ёстой. Энэ цалин хангамжийг өгдөг байдлаар санхүүжилтийг нь шийдэхгүй бол өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол бид засаглалын хямралд орно. Аюулгүй ажиллагааны хяналтын хямралд орно. Тэгэхээр бид алдааг хийчихээд дараа нь засах шаардлага байхгүй. Би уулзсан хүн болгондоо, дээд байгууллагууддаа энэ тухай танилцуулж байгаа. Иргэний нисэхийн салбарын бүтцийн өөрчлөлтийг тэгж хялбарханаар төсөөлж хийж болохгүй ээ. Иргэний нисэхийн салбарын өөрчлөлтийг эхлээд судлая. Судалгаан дээрээ үндэслээд санал боловсруулъя.
Саналаа засгийн газарт оруулъя. Их хуралд оруулж батлуулъя. Тэр саналынхаа дагуу хуулиндаа өөрчлөлт оруулчихъя.Засгийн газраас нь тогтоол гаргахаар бутцийг аажим аажмаар хийе ээ. Тэгэхгүйгээр өнөөдөр ерөөсөө л хуваах ёстой гээд 2 хуваачих юм бол засаглалын гүн хямралд орно.
Энэ их хэл амтай, аюулгүй ажиллагаанд маш мэдрэмтгий салбарыг тэгж хялбархнаар бүтцийн өөрчлөлтөнд оруулж болохгүй л гэж бид үзээд байгаа. Яагаад гэхээр 1993 онд МИАТ компани, Иргэний агаарын тээврийн удирдах газар хоёр салж байсан. Хоёулаа боломжийн орлоготой байгууллагыг салгахад 1997 он хүртэл энэ 2 байгууллага нийлэх ёстой, Монгол жижиг улс, заавал ОУ-ын стандарт, хэв загварыг дагах хэрэггүй, бид үүнийг нийлүүлэх ёстой гэдэг тийм үзэл бодолтой маш олон хүн байсан. Тэгээд сайдын зөвлөл дээр хүртэл асуудал олон удаа хүрч байсан. Тэгэхээр ийм асуудлыг бид нар амьдрал дээр туулж байсан учраас энэ 2 байгууллагыг зүгээр л салгачих юм бол эргээд нийлнэ. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа эргээд нийлэх юм бол бүтцийн өөрчлөлтөнд орох гэж өшөө 10 жил алдана. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа бодлоготойгоор, төлөвлөгөөтэйгөөр, судалгаатайгаар оруулах ёстой. Ингэж оруулахгүй бол өнөөгийн энэ хэрүүл маргаан салахгүй ээ. Яагаад гэхээр мэргэжлийн хүмүүсийн амбиц, ашиг сонирхол өөр.
- Та цалин хөлс гэж түрүүн дурьдсан. Энэ салбарын нийгмийн ахуй хангамж боломжийн гэж яригддаг? - Дарга гэдэг чамгүй их нийгмийн асуудлыг шийддэг үүрэгтэй юм байна. Хүүхдээ сургах асуудал, орон сууц авах, тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэмж байна. Тэгэхээр миний хувьд энэ их нийгмийн асуудлуудыг цэгцлэх ёстой. Цэгцлэх зорилт байгаа. Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Зорилт нь бид бусад улс орны байгуулсан ардчилал, зах зээлийн системээр явж байна. Бидэнд эхлээд юу хэрэгтэй байна гэхээр зах зээлийн харилцаанд орсон байгууллагуудад ямар зах зээлийн харилцааг бий болгосон бэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Судлахад, жишээ нь, баруунд байгууллагын тэтгэврийн сан гээд тогтсон систем байдаг юм байна. Энэ нь ажилчин өөрөө ч, байгууллага нь ч мөнгө оруулж хуримтлал үүсгэдэг. 60 нас хүрээд тэтгэвэрт гарлаа улсаас ч, байгууллагаас ч тэтгэвэр авна гэсэн үг. Эргээд байгууллагынхаа тухайн үеийн удирдлагаас мөнгө гуйгаад явах шаардлага байхгүй. Систем нь тогтоогоод өгчихсөн.
Тэгэхээр бид энэ системийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. 2-рт өнөөдөр Монголд янз бүрийн өвчлөл их байна. Үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Маш олон хүмүүс ийм байдалд орж байна. Тэр хүмүүсээс гадна хамт ажйллаж байгаа хүмүүс нь ч стресс, хямралд орж байна. Тэгэхээр энэ аюулгүй ажиллагаатай холбоотой ийм салбарт стресст орсон, өвчтэй хүн ажиллах ёсгүй ээ. Ийм хүн ажиллуулахгуйн тулд яах ёстой вэ гэвэл өнөөгийн системийг өөрчлөх шаардлага байна. Яагаад гэхээр дарга даргын хажууд байдаг хүмүүсийн үзэмжээр шийдэж байна. Үүнд л хүмүүс дургүйцдэг. Үүнээс бид салах ёстой.
Эрүул мэндийн даатгалын системийг хэрэглэх хэрэгтэй. Барууны систем бол гайхалтай. Улс даатгалын системийг бий болгочихсон. Байгууллага бас бий болгох ёстой юм байна. Баруунд хүн болгон Улсын, байгууллагын гэж 2 даатгалтай байдаг. Тэгэхээр би энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалын систем бий болгоё гэж боддог. Ажилчин, байгууллага хоёр мөнгө оруулснаар сан үүсч эмчилгээ хийлгэхэд даргаас гуйхгүй шүү дээ. Өнөөдрийн систем бол удирдлага даргаас зөвшөөрөл тусламж гуйдаг систем. Даргын найз, даргад талтай хүн шийдүүлж чадна гэсэн тэгш бус систем үүсээд байна. Тэгээд түүгээрээ харддаг. Намайг ч адилхан үзэмжээрээ шийднэ гэж ойлгоод хардаад байна л даа.
Би нийгмийн халамжийн асуудлыг шийддэг систем бүрдүүлэхийг зорилго болгож байна. Нисэхээс тэтгэвэрт гарсан хүмүүстээ бид жилдээ 300-аад сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэр мөнгө нь тэгш хуваарилагддаггүй. Хэн өргөдөл бичиж гүйнэ тэр хүн тэтгэмж авч байна. Тэгэхээр бид тэгш үйлчилдэг системийг бүрдүүлье гэж бодож байгаа. Тэр систем нь жилд зарцуулж байгаа 300 сая төгрөгийг 450 ахмаддаа хуваагаад сар болгон картанд нь оруулдаг ч юм уу тийм тэгш хуваарилалтыг бий болгоё. Ингэсэн тохиолдолд ахмадууд над руу ярьж, өргөдөл бичиж тэтгэмж, гуйх шаардлагагүй. ИНЕГ-ын дарга гэж нэг их эрх мэдэлтэй хүн хүний асуудлыг хуйвалдан шийдээд байгаа юм шиг баймааргүй байна. Тэгэхээр энэ бүх хардлага сэрдлэг, дайралт арилна. Нийгмийн халамжийн асуудлаас бусад нь байгууллагын мэргэжлийн ажил байгаа. Мэргэжлийн ажлаа хийдэг дарга больё гэж зүтгэдэг хүмүүс цөөхөн байгаа гэж боддог.

- Та салбараа мэддэг төдийгүй, бас амьдрал мэддэг хун шиг ярьж байна. Дутагдал гачигдал гээд янз янзын асуудал орж ирнэ, тэрийг дагаад гомдол тэмцэл ч бишгүй байх?
- Миний явсан зам шударга. Хүнд хэлэх үгээ хэлчихдэг, юмыг бодохдоо дандаа анализ хийдэг. Уншиж судалдаг. Би агаарын тээврийн талаар номоо гаргасан. Ер нь нисэхэд онолын ганц л тийм ном байгаа байх. Одоо аюулгүй байдлын талаарх хоёр дахь номоо гаргахаар бэлтгээд байгаа. Би мэдлэг дээр суурилсан менежмэнт явуулахыг л хүсдэг. Энэ албан тушаал дээр ирчихээд өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг бий болгоод, мөнгөтэй болох өчүүхэн ч санаархал байхгүй. Мөнгө гэдэг чинь ордог, гардаг. Зохимжгүй мөнгө орж ирвэл зохимжгүй байдлаар л гарна. Эсвэл өвдөж хавдана. Тэр мөнгө нь тэгээд л гараад явчихна. Золгүй байдалд орно. Би үүнийг олон хүмүүсийн амьдралаас харж дүгнэж байдаг. "Бурхны сургааль" номыг их уншдаг. Тэнд хүний амьдралыг их гоё гаргасан байдаг. Баян хүн, ядуу хүн амьдралын төгсгөлд. очихоороо ялгаагүй адилхан л явна. Аз жаргал гэж юу юм бэ? Хүн болгонд төсөөлөл нь өөр. Гэхдээ миний хувьд аз жаргал гэдэг хүн өөрөө сэтгэл хангалуун байх ёстой.
Хүнд тусалж дэмждэг байх хэрэгтэй. 60 нас хүрчихээд эргээд 5 хүний амьдралыг сайхан тэгш аваад явчихсан бол би 180 жил амьдарсан юм шиг сэтгэл ханана. Хүний амьдрал ийм л зүйлээр хэмжигдэнэ үү гэхээс өнөөдрийн мөнгө, албан тушаалаар хэмжигдэхгүй .
- Далай ламын сургаальд "Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн харахын цагт дахин амьдарсан мэт сэтгэл ханах болно" гэдэг байх аа? - Тийм. Яг л тэр сургаалиар явдаг. Бас далай багш "Би хүний нууцыг хадгалж өөртөө стресс авахыг хүсдэггүй хүн шүү" гэж хэлсэн байдаг. Үнэхээр өдөр тутмын ажилд маань нэг нь орж ирээд нууц гээд л аймаар их юм ярина. Би шаналаад л үнэхээр тийм байх гэж бодно. Амьдрал дээр шал өөр байж болно. Одоо бол энэ байгууллага дотор надад орж ирээд "Тэр хүн муу" гээд л хов ярьдаг хүн байхгүй. Тэрнээс нисэх ангижирч байна. Би сонсохгүй байгаа учраас доод хүмүүст тийм хов яригдахгүй байгаа байх. Манай хүмүүс хэлдэг л дээ. "Дарга аа та өөрөө хов сонсохгүй гэсэн болохоор хамаагүй юм ярьж чадахгүй байна л даа" гэдэг.
Хамгийн гол нь эргээд буух эзэнтэй таны нэр гарахад хамаагүй бол надад ярьж болно. Бусдаар би таны ярьсныг дотроо дүгнэсэн хэвээр байна гэж байхгүй ээ. Би тэр муулсан хүнийг чинь дуудаад "Тэр хүн чиний талаар ингэж хэллээ. Үнэн үү, худлаа юу. Тэрийгээ нотол" гэнэ гэж анхнаасаа мэдэгдсэн. Тэгэхээр энэ салбарт хов жив гайгүй болж байна. Дарга бол байгууллагын тал гэж ярьдаг. Өөрийгөө энэ байгууллагын тал гэж бодож байгаа. Тэгэхээр би аль болох нээлттэй, хүмүүстэй илэн далангүй зөвөлгөө өгч, авдаг.
- Салбар өөрөө яалт ч үгүй мэргэжпийн ур чадвар шаарддаг ажил. Та энэ салбартай хичнээн жил амь амьдралаа холбоод явж байна вэ?
- Би энэ салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ салбартай амьдралаа холбоод 28 жил болж байна. Бидний үед сайхан байлаа. Би Говь-Алтайн Баян-Уул сумын 10 жилийг төгссөн. Сумынхаа сургуульд элсэлтийн шалгалтанд хоёрт орж байсан. Аймагтаа дөрөвт орж байсан. Тэгээд конкурст өрсөлдөөд нисэхийн холбооны хуваарийг авсан. Би заавал нисэхийн хүн болно гэж бодож зорилго болгоогүй байсан. Гэхдээ л хувь заяаны эрхээр 18 настай байхаасаа л нисэхтэй холбогдсон гэсэн үг.
- Салбар нь өөрөө хүнийг бас их төлөвшүүлдэг байх? - Тийм. Нисэхийнхэн арай л өөр гэж манай найз нар ярьдаг. Яагаад гэхээр гарахдаа хүртэл чийдэн, индүү бүх юмаа салгасан уу үгүй юу гэж аюулгүй талаасаа дахин давтан шалгадаг. Нөгөө бодлын их ядаргаатай ч юм шиг. Ер нь цалин гэдэг миний ойлгож байгаагаар хүний эрүүл мэндийг төдий хэмжээгээр худалдаж авч байгаа гэсэн ойлголт. Бид хүний төлөө ажиллаж байна. Ингэсний төлөө цалин авч байна. Бие эрүүл мэнддээ хэдий хэмжээгээр зарцуулж байна тэр хэмжээгээр цалин авч байна. Энэ нь нисэхийн мэргэжлийн хүмүүс дээр их сайн ялгарч гарч ирдэг юм. Нислэгийн удирдагч, нисгэгч гээд нарийн мэргэжлийн хүмүүс хязгаарлагдмал орчин, цаг хугацаанд шийдвэр гаргаж ажиллах ёстой. Ерөөсөө хэдхэн секундээр үнэлэгдэнэ. Тэр хүмүүс маш их стресст ажилладаг ч дундаж цалин авдаг.
Миний цалингаас даруй 2-3 дахин өндөр цалин авч байгаа. Тэгэхээр тэр хүмүүст яагаад илүү цалин өгч байна гэхээр байгууллага та нарын эрүүл мэндийг илүү их ашиглаж байгаа шүү. Чи энэ мөнгөөр өөрийнхөө биеийг нөхөн сэргээж стрессээ тайлах ёстой шүү гэдэг байдлаар өгч байгаа. Бусдаар Монголд ийм өндөр цалинтай хүн амьдарна, бага цалинтай нь амьдрахгүй гэсэн ойлголт биш. Үүнийг манайхан буруу ойлгоод өндөр цалинтай их сайхан ажил гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ тэр ажил чинь тэр хүний эрүүл мэндийг асар их авдаг. 450 ахмад дунд гэхэд нарийн мэргэжлийнх нь 10-аад л хүн байх жишээтэй.
- Таны өрөөний цонхоор Богд уул цайгаад харагддаг юм байна. Та ч түрүүн ярилаа. Хариуцсан ажил маань нэлээн нерв, стресст оруулдаг гэж. Энэ бүхнээс яаж сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж гардаг вэ? - Ерөнхийдөө би аливааг дандаа цагаан талаас нь хардаг. Хүнтэй асуудлыг ярихдаа дандаа эерэгээр хардаг. Одоо миний тухай зарим нэг асуудал хэвлэлд гардаг. Яахав. Миний гэнэн цагаан сэтгэлээс болж байна. Би ерөөсөө хүн намайг муугаар хэлнэ гэж боддоггүй. Хүнтэй уулзаад инээгээд л яриад гардаг. Өөөрийнхөө амьдралын хэв маягийг стрессээс холуур авч явахыг хичээдэг.
- Та ч нэлээн эртэч хүн юм байна. Арга ч үгүй байх. Шөнө утсаа салгахгүй юу?
- Утас салгахгүй. Гэхдээ шөнө над руу хүмүүс утасдаад байдаггүй юм. Яагаад гэхээр хүн өөрөө өөрийнхөө талхыг л идэх ёстой. Талх гэдэг маань манайх 24 цагаар ажиллуулж байна. Тэр хүмүүс 24 цаг дарга байхгүй үед даргын эрх мэдэлтэйгээр ажлаа явуулж байгаа гэсэн үг. Шөнө болгон утасдаад заавар зөвөлгөө аваад байвал энэ хүн чинь амьдарч чадахгүй болно.
Тэгэхээр би ажилчиддаа нэг л шаардлага тавьж байгаа. Ерөөсөө өглөө 8 цагтаа ирж ажлаа яг цагт нь амжуул гэдэг. Орой 9,10 цаг хүргэлээ гээд маргааш нь ажлын үр бүтээл гарахгүй. Үүнээс өөр хэлбэрээр ажиллах хүсэлтэй хүмүүс бичгээр саналаа өгч болно. Захиргаанаас тэр саналыг нь дэмжье гэж хэлдэг. Уян хатан байдлаар хүмүүсийг ажиллуулах чиглэлдэр л ажиллаж байгаа.
- Таны амьдралын философи хүн өөрөө л зөв байх юм бол ёстой негөө гэсэн зарчимтай гэж ойлголоо? - Ерөөсөө л би тийм л замаар явдаг. Аль болох цагаан сэтгэлээр хандах. Хүмүүсийг зөв замд нь ороход нь туслах, тэгээд ном бичнээ гэдэг чинь өөрийнхөө мэддэг чаддагийг хүмүүст хүргэх гээд байна. Түүн дээрээ түшиглээд би мэргэжлээрээ 5 дахь жилдээ багшилж байна.
Нас залуу боловсон хүчнүүдийг сургахыг хүсдэг. Номон дээрээ түшиглээд Австралид мастерын зэрэг хамгаалсан. Барууны сургалт хүнийг ерөөсөө хүнийг хүссэн хүсээгүй хэлбэржүүлж байдаг. Жишээлэхэд баруунд мастер хамгаалсан хүнтэй ярихад ойлголцоход маш хялбархан. Угаасаа тэр барууны сургалт чинь хүнийг нэг хэвэнд цутгаад гаргасан юм шиг байдаг. Тэгэхээр би баруунд мастерын зэрэг хамгаалах, дахин суралцах, хүмүүсийг маш их дэмжиж байгаа. Одоогоор 2 хүн манай санхүүжилтээр нэг нь Австралид алсын зайгаар сурч байна. Нөгөөх нь Францад сурч байгаа. Өшөө олон хүмүүсийг бид явуулъя гэж бодож уриалга гаргасан байгаа. Харамсалтай нь барууны сургуульд тэнцээд бүртгэлийн хуудсаа авбал дэмжье гэж байгаа ч тийм хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Нарийн мэргэжлийн хүмүүстэй бид ярьж байна. Яагаад гэхээр бидний өнөөдрийн ихэнх сургууль жишээлэхэд инженер онгоц яаж засах вэ гэдгийг заагаад байгаа. Онгоц засахад 10 хүн ажилладаг юм. Тэр 10 хүнийг яаж удирдан зохион байгуулах вэ гэдгийг тэр хүмүүст заахгүй байгаа. Тэгэхээр тэр 10 хүнийг хэн нэг нь удирдаж л таарна. Тэр мэргэжпийн хүмүүсийг хүн яаж удирдах вэ гэдэг сургалт явуулах ёстой. Тэр сургалтыг ажиллаж байгаа хүмүусээсээ, дотроосоо сургах ёстой гэж боддог. Тэр сургалтыг яаж явуулах вэ гэхээр өнөөдөр алсын зайнаас явуулж болно, очоод сурч болно. Ер нь тийм сургалтанд бид цаг хугацаа, хөрөнгө Мөнгө зарцуулах ёстой.
- Таны дээр салбар хариуцсан сайд гэж байна. Ямар хэмжээнд ойлголцож байна? - Салбарынхаа сайдтай би ажил албаны энгийн харилцаатай. Сайд 7 хоног тутам шуурхай явуулж, өөрөө сууж цагаа зарцуулдаг. Бидэнтэй ойлголцож, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авахыг зорьдог сайдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэгэхээр сайд энэ байгууллагын талаар бүрэн мэдээлэлтэй яваа гэж ойлгодог. Сайдад өөрийн санал зорилго, аюулгүй ажиллагааг яаж сайжруулж болох вэ гэдэг чиглэлээр мэдээлэл сайн өгч байгаа. Сайд ч намайг ойлгож ажиллаж байгаа гэж бодож байна.
- Танд баярлалаа. Амжилт хүсье.

"Монголын нэг өдөр". №-41
Дэлгэрэнгүй “Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна”

ИНЕГ-ын даргын ярилцлагыг Залуустаа хүргэж байна

- Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр тодорхой тооны хүүхдийг гадаадад сургуульд явуулдаг. Гэтэл үүнд ихэвчлэн тус газрын дарга нарын хүүхэд л хамрагддаг хэмээн хүмүүс бухимддаг. Энэ хэр үнэний хувьтай асуудал вэ?
- Иргэний нисэхийн байгууллагаас жил бүр 10 хүүхдийн сургалтын зардлыг бүрэн дааж, сургадаг байсан. Энэ зардалд нийтдээ 200 гаруй сая төгрөг төсөвлөгддөг, ихэвчлэн дарга нарын хүүхдүүд суралцдаг байлаа. Үүнийг би зогсоосон. Учир нь манайх нисэхийн мэргэжлээр хүүхдүүд сургаж болно, гэхдээ сонгон шалгаруулалт явуулж, шударгаар өрсөлдүүлж, арын хаалганы биш, үнэхээр энэ мэргэжлийг эзэмшихийг хүсч байгаа залуусыг сургах ёстой. Тэгэхгүй бол нисэхийн дарга нарын хэдэн хүүхэд л төрийн зардлаар сургуульд сураад байж болохгүй.
- Иргэний нисэхийн дарга нар бүгдээрээ албаны машин унадаг. Харин та дарга болоод нэлээд хязгаарласан гэж сонссон?
- Иргэний нисэхийн ерөнхий газарт 18 дарга байгууллагын машин унадаг байлаа. Үүнийг цөөлж, дөрөв болгосон. Ингэснээр дарга нар ажил дээрээ тогтдог болж, жилийн зардлаас 75 орчим сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Мөн бүтээн босголт, хөрөнгө оруулалтын ажил тодорхойгүй, зарлагдсан тендер бүрхэг явдаг байсан. Энэ байдлыг зогсоосноор багагүй хэмнэлтийг хийгээд байна. Тухайлбал, Дорнодын нисэх буудлын засварын тендер байна. Энэ засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөсөн байсан. Тиймээс энэ тендерийг зогсоосон.
Учир нь нисэх буудлын засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөнө гэдэг дэндсэн хэрэг. Энэ мөнгөөр 2-3 давхар хаус барих боломжтой. Нисэх буудлын өнгийг засах засварт ийм хэмжээний хөрөнгө төсөвлөнө гэдэг хэтэрсэн зүйл. Ингээд тендерийг зогсоож, аймгийн нисэхийн даргаас энэ засварын ажлыг өөрсдийн хүчээр хийх боломж бий эсэхийг тодруулсан. Аймгийн нисэхийн дарга энэ засварыг хийхэд нийт зардал 14.5 сая төгрөг болохыг төсөвлөж гаргасан. Тэр нисэхийн ажилчид хийчих болохоор ажлын хөлсөнд илүү мөнгө төсөвлөх хэрэггүй гэсэн. Бид ярилцаад, ажлын хөлс, бусад зардалд гурван сая төгрөг нэмж олгохыг санал болголоо. Харин аймгийн нисэхийн дарга дахин тооцож үзээд 1.5 сая төгрөг байхад болно гэсэн. Ингээд 75 сая төгрөгөөр төсөвлөгдсөн Дорнодын нисэхийн засвар 16 сая төгрөгт багтсан.
- Ингэхэд та 60 орчим сая төгрөг хэмнэсэн засварын ажлыг очиж үзсэн үү. Таныг өнгөрсөн долоо хоногт Дорнод явсан гэж сонссон юм байна? - Үзсэн. Дорнодын нисэх буудлын засварын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Боломжийн хэмжээнд хийсэн байна гэж дүгнэж байгаа. Ер нь энэ байдлаас болон сүүлийн үед ялангуяа, төрийн байгууллагууд тендер зарлахын өвчин тусаа юу гэж бодох болсон. Болсон, болоогүй тендер зарлаж, нэг хэсэг хүмүүс завшдаг. Нүд хуураад нэг их ажил хийсэн мэт харагдуулдаг муу зантай болчихож. Үүнийг бага гэлтгүй арилгах ёстой бодож байна. Төсөв хэмнэх, ялангуяа тендер зарладаг өвчинг арилгахаар ажиллаж байна.
- Тендер зарладаг өвчин газар авсан гэж та хэллээ. Тэгвэл энэ байдлыг гэнэт өөрчлөх нь зарим хүмүүст таалагдахгүй байж болох юм. Ингэж хэлэх болсон нь сүүлийн үед та хэвлэлээр байнга бичигдэх болсонтой холбоотой юм л даа? - Тендер явуулахгүй болохоор дургүйцэх хүн цөөнгүй гарч байна. Тийм хүмүүс намайг элдвээр хэлж, хэвлэлээр захиалгаар бичүүлж байгааг би мэднэ. Цөөн хүн юу гэж ярих нь хамаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газар төсөв, хөрөнгөө зохистой зарцуулах нь чухал. Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн зардал ялгаагүй манай данснаас гарах учраас зөв хэмнэлтийг хийх ёстой. Хэнтийн нисэх буудлын засварын ажилд 25 сая төгрөгийг төсөвлөсөн байсан. Харин үүнийг нь өөрсдийнх нь хүчээр хийлгэхэд найман сая төгрөг зарцуулж байгаа юм.
Мөн Өвөрхангайн нисэхийн ажилтнууд байшингийнхаа халаалтад 12 сая төгрөг төсөвлөсөн байсан. Судлаад үзэхэд, нүүрс худалдаж авахаас илүү цахилгаан халаалт тавих нь хамаагүй хямд зардалтай болохыг нь тогтоосон. Ингээд аймгийн нисэхийн өрөө болгонд цахилгаан халаалтыг суурилуулснаар зургаан сая төгрөг хэмнэлээ. Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед төрийн байгууллагаас тендер нэрээр мөнгө завших хүмүүс нэмэгдэх болсноос үүдэлтэй. Энэ байдал ч манайд байсан. Миний хувьд үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс тендер нэрээр мөнгө хождог хэсэг хүмүүсийн үйл ажиллагааг энэ мэтээр таслан зогсоож байна.
- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал багагүй эрх мэдэлтэй. Тиймээс энэ суудалд суухыг хүсдэг хүмүүс их байдаг гэж сонссон. Энэ үнэн үү? - 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 2000 гаруй ажилтантай томоохон байгууллага болохоор олон хүний анхаарлыг татдаг байх. Тиймээс таны хэлсэн үг үнэний хувьтай. Нэг хэсэг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга үүрэг хүлээх биш эрх мэдэлтэй нэгэн байсан. Тиймээс энэ байдалд би өөрчлөлт хийхийг хүсч байна. Учир нь дарга гэж эрх мэдэл, ямба эдлэхээс илүү ажилтнуудынхаа өмнөөс үүрэг хүлээх ёстой. Нэг үгээр хэлбэл, дээрээс тушаал өгч, эрх эдлэхээс илүү, ажилтан, ажилчдынхаа өмнөөс үүрэг хүлээх учиртай. Энэ хүрээнд хамгийн эхэлж, Иргэний нисэхийн еренхий газрын ажилтнуудын нийгмийн, эрүүл мэндийн даатгалын асуудлыг анхааралдаа авч, ажиллаж байна. Хүнийг өвчин, зовлон тойрохгүй дайрдаг. Тэгээд ч сүүлийн үед монголчууд маш үнэтэй эмчилгээг гадаадын улс орнууд руу явж хийлгэдэг болсон. Төрийн албан хаагч гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхэд 70 хувийг нь байгууллагаас гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд дарга нарыг таньдаг, түүний эргэн тойронд байдаг хүмүүс энэ төрлийн хангамж эзэлдэг байсан. Тиймээс төрөөс олгож байгаа халамж, хангамжийг төрийн албан хаагч ижил хэмжээнд хүртэх боломжийг хамгийн түрүүнд хангахад миний ажил чиглэж байна. Энэ хүрээнд Иргэний нисэхийн еренхий газарт хувь хүний нийгмийн халамжийн тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулан ажиллана.
- Хувь хүний нийгмийн халамж гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу? - Даргын эрх мэдлийг үүрэг болгон хувиргаж, хувь хүний нийгмийн даатгалын системийг бүрдүүлэх ёстой. Энэ системийг би нэлээд судалж байна. Манайд маш чухал. Тухайлбал, нисгэгчийн бие өвдсөн бол нислэгтээ гарах боломжгүй. Харин нислэгтээ гарахгүй бол тэр хүн цалин авахгүй. Тиймээс цалин авахын тулд өвчтэй ч гэсэн тухайн нисгэгч нислэгтээ гарч байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Тиймээс нисгэгчдийг амь насны даатгалд хамруулах ёстой. Хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа хоёр ажил байна. Үүнд, байгууллагын тэтгэврийн системийг бий болгох. Баруунд ямар ч байгууллагад ажиллаж байсан хамаарахгүйгээр хоёр тэтгэмжид хамрагддаг юм байна. Нэг нь улсын тэтгэмж. Энэ нь улсад ажил хийж байсан эсэхийг хамаарахгүйгээр насны эцэст хамрагддаг тэтгэмж. Нөгөөх нь байгууллагын тэтгэмж. Манайд улсын тэтгэмж байдаг. Харин байгууллагын тэтгэмж байхгүй. Тиймээс энэ тэтгэмжийг үүсгэх цаг болсон.
- Ингэхэд Иргэний нисэхийн ерөнхий газраас ахмадууддаа жилд хэчнээн төгрөгийн тэтгэмж үзүүлдэг вэ? - Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр ахмадуудын тэтгэмжид 400 сая төгрөг зарцуулдаг. Амралт, орон байр, бусад хангамж, тэтгэмжид энэ хөрөнгө зарцуулагддаг. Эхнээсээ ийм систем үйлчлээд, сүүлдээ хэвшил болчихсон. Гэтэл тэдгээр ахмадын хувьд энэ байгууллагад хийдгээ хийгээд, авдагаа авсан хүмүүс. Тиймээс энэ хөрөнгийг одоо ажиллаж байгаа хүмүүстээ зөв зарцуулах ёстой. Ингээд өөрчлөлт хийе гэхэд эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчных нь хүрээнд бага зэрэг өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Энэ нь хүрээнд ахмадуудынхаа нэр дээр данс нээж, сар бүр дансанд нь мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ямар нэгэн баяр ёслол, өвчин зовлон тоочиж, тусламж гуйдаг байдал арилах байх гэж бодож байна. Нөгөө талаар тэгш хувиарлалтын систем бий болгож байгаа юм. Учир нь өнөөдөр хэн өргөдөл бичиж, дарга даамлаар хөөцөлдөж байна тэр хүссэн авдаг, чимээгүй болох байлгүй гээд суугаад байдаг хүмүүст нь юу ч оногдохгүй өнгөрдөг. Тэгсэн атлаа ахмадууд гэсэн нэрийн доор бүх л хүмүүс хамрагдаад байгаа юм шиг ажиглагдаад байдаг. Энэ байдлыг тэгш хувиарлалтын системээр өөрчлөхөөр ажиллаж байна.
- Ингэхэд монгол нисгэгчдийн дундаж нас хэд байдаг вэ?
- 45-48. Социализмын үед сургууль төгссөн нисгэгчид өнөөдөр ажиллаж байна. Нисгэгчийн гол шалгуур туршлага байх ёстой. Гэтэл туршлагатай нисгэгчийг ажилд авахад маш цөөхен жил ажиллаад л тэтгэвэртээ гарах болдог.
- Яагаад. Нисгэгчийн сургуульд залуусыг явуулж, сургах ёстой юм биш үү. Иргэний нисэхийн ерөнхий газраас зардлыг нь дааж сургаад байдаг. Дарга нарын хүүхдүүд нисгэгчийн мэргэжилд дургүй гэж үү? - Зардал өндөр. Нэг хүүхдийг сургахад 200 гаруй мянган ам.доллар болно. Харин манайхаас зардлыг нь дааж сургаж байсан хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хямдхан зардалтай инженер, техникийн мэргэжлээр сурч байсан. Нисгэгч гэдэг машин барихаас эрс өөр. Учир нь нисгэгчийн хамгийн чухал зүйл туршлага, мэдлэг. Жижиг онгоцноос, том онгоц руу шилжиж, мэргэших ёстой.
Түүнээс сургуулийг нь төгссөн гээд л шууд том онгоц жолоодно гэж байхгүй. Ийм болохоор нисгэгчийн сургууль төгсөөд хамгийн эхлээд 10 дараа нь 35 зорчигчтой онгоц жолоодно гэх мэтээр шат дараалалтай. Харин сүүлийн үед нисгэгчийн сургууль төгсч ирсэн залуусын хувьд дөнгөж 10 зорчигч тээвэрлэх онгоц жолоодох эрхтэй хүмүүс байдаг. Өмнө манай нисгэгчид гэхэд л эхлээд АН-2, дараа нь АН-24, тэгээд ТУ, түүний дараа том онгоц жолооддог байсан. Гэтэл одоо дандаа хувийн компаниуд болчихсон. Тиймээс жижиг, дунд, том онгоцтойгоороо өөр, өөр компани болчихсон болохоор бусад компанийнхаа нисгэгчийг өөрсдийн онгоц дээр туршлагажуулахыг хүсэхгүй байна. Аргагүй шүү дээ, өнөөдөр манайд энэ бүхнийг зохицуулах систем нь бүрдээгүй.
Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэд нисгэгчийн сургууль байгуулж болдоггүй юм уу. Гаалийн ерөнхий газар гэхэд дэргэдээ Гааль, эдийн засгийн сургуультай шүү дээ? - Эдийн засгийн боломж байхгүй. Харин байгаа боломж нь гэвэл эрхзүйн орчин байна манайд. Гэхдээ эрхзүйн орчин байгаа гээд сургууль байгуулах боломж байхгүй. Наад зах нь гэхэд таван жил элсэлт аваад л агаарын компаниуд нисгэгчээр бүрэн хангагдчихна.
- Монголын нисгэгчид ямар улсад бэлтгэгддэг юм бэ? - АНУ, Канад, Англи, Тайланд Шведэд бэлтгэж байна. Шинээр бэлтгэгдсэн нисгэгчдийн дундаж нас 27-28.
- Нисгэгчдийн дундаж цалин хэд байдаг бол? - "МИАТ"-ийн нисгэгч 3-4 сая төгрөгийн цалинтай. Харин "Изинис"-ийн нисгэгч хоёр сая төгрөгийн цалинтай.
- Орон нутгийн нисэх онгоцны буудлууд нэлээд баартай байх шиг байна. Увс аймгийн нисэх буудалд газардах гэж байсан онгоц хоёр ч удаа шувуутай мөргөлдсөн хэрэг энэ онд гарлаа? - Онгоцны буудлын ойролцоо айлууд буусан, нядалгааны газар байрласан, бүр чацарганы талбайтай ч аймаг байна. Нисэх буудлын дэргэд буусан айлуудыг бүрэн нүүлгэсэн. Харин нядалгааны талбайн хувьд бага зэрэг асуудалтай байгаа учраас бүрэн шийдвэрлэж болохгүй байна. Ямартаа ч махчин шувууд нүүдлийнх учраас нэг хэсэгтээ энэ асуудал намжлаа.
- Асуудал хэсэг хугацаанд л намжаад байгаа гэлээ. Тэгэхээр ирэх жил энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй гэсэн үг үү? - Тэгж ойлгож болно. Увс аймгийн хувьд ирэх жил шинэ нисэх буудалтай болох юм. Аймгийн төвөөс 10 гаруй километр зайд нисэх буудал ашиглалтад орчих байх аа.
- Орон нутгийн нисэх буудлын зам ачааллаа даахгүй цөмөрсөн тохиолдол гарсан байхаа?
- Өмнөговь аймгийн нисэх буудлын талбай эвдэрсэн нь ачааллаа даахгүйгээс болсон нь үнэн. Судалгаагаар нисэх буудлыг анх байгуулахдаа алдаа гаргасан нь тогтоогдсон. 1986 онд уг талбайг ашиглалтад оруулахдаа яг онгоц буудаг талбайг 1.5 метр гүн ухах байсныг 70 сантиметр ухаж, шороо хийгээд битүүлсэн байна билээ. Гэтэл энэ талбайд жижиг онгоц буухад болно. Харин том онгоц буухад ачааллаа даахгүйгээс цөмөрсөн. Мөн энэ байдалд бороо ч их нөлөөлсөн. Энэ бүхнээс харахад аэродромыг барих стандартад ч өөрчлөлт оруулах цаг болсныг илтгэж байгаа.
Хөвсгөлийн Хатгал сумын нисэх онгоцны буудал байна. 2006 онд барьж эхэлсэн. Нийтдээ нэг тэрбум төгрөг зарцуулж барьсан атлаа гүйцээх боломжгүй болж, хаягдсан. Эхнээсээ технологи нь буруу байснаас ашиглалтад оруулах боломжгүй болж, нэг тэрбум төгрөг хаягдлаа.



Х.ГАН-ЯЛАЛТ

"Монголын мэдээ". 2009.10.30
Дэлгэрэнгүй “ИНЕГ-ын даргын ярилцлагыг Залуустаа хүргэж байна”

2009/11/02

Хөвсгөл аймаг дахь НБ-ын даргаар томилогдов

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгч, "Чингис хаан" ОУБ-ын үйлдвэрлэлийн ахлах зохицуулагч Д.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, тус нисэх буудлын даргаар томилогдлоо.
Д.Эрдэнэ-Очир нь 1974 онд Хөвсгөл аймагт төрсөн. Энэхүү албан тушаалд томилогдохын өмнө "Чингис хаан" олон улсын буудлын Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан. ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академийг агаарын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулагч инженерээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. Сингапур, Япон, Солонгос улсуудад нисэхийн аюулгүй байдлын удирдлага, эрсдлийн менежмент, нисэх буудлын менежментийн чиглэлээр суралцсан.
ХМК-ийн 1-р үйлдвэрт ээлжийн ажилтан, БҮК-2 компанид ээлжийн ажилтан, ОХУ-д "Аврора" ХХК-д ерөнхий захирал, "Чингис хаан" ОУБ-д тусгай үүргийн хэсгийн камерийн оператор, аюулгүйн үзлэгийн шалгагч, хэсгийн ахлагч, үйлдвэрлэлийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан.

Д.Эрдэнэ-Очиртоо ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Хөвсгөл аймаг дахь НБ-ын даргаар томилогдов”

2009/10/26

Ханиаж найтаахдаа ам хамраа тагла

Дэлгэрэнгүй “Ханиаж найтаахдаа ам хамраа тагла”

Томуугаас сэргийлэх зөвлөмж (видео кино)

Дэлгэрэнгүй “Томуугаас сэргийлэх зөвлөмж (видео кино)”

Азийн ХөгжлийнБанк-Сиднейд суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр

-Бүртгэлийн сүүлийн хугацаа 2009/11/30
Азийн хөгжлийн банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оны 4-р сард Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Уг хөтөлбөрийн зорилго нь Банкны хөгжингүй гишүүн орны иргэдийг өөрсдийн улс орны хөгжилд эдийн засгийн болон нийгмийн хувь нэмрийг оруулуулахаар чанартай postgraduate сургалтын боломжийг олгоход оршдог.
Хэн оролцох эрхтэй вэ?
Тус банкны гишүүн орнуудын иргэд. (Дор орнуудыг жагсаасан байгаа) байх бөгөөд тэд хамгийн багадаа мэргэжлээрээ 2 жил ажилласан, Сиднейн их сургуулийн доорхи хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс байх юм.

Master of Economics / Эдийн засгийн магистр
Master of Commerce / Худалдааны магистр
Master of International Business / Олон улсын бизнесийн магистр
Master of Transport Management / Тээвэр удирдлагын магистр
Master of International Public Health / Олон улсын олон нийтийн эрүүл мэндийн магистр
Master of Engineering / Инженерийн магистр
Анхааруулга, өөрийн төрсөн улсаас өөр улс оронд амьдарч, ажиллаж буй хүмүүс энд хамрагдахгүй болно. Мөн энэ хөтөлбөрт 2-с илүү удаа хамрагдах боломжгүй учраас 2 хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй.

Бүртгэлийн сүүлийн хугацаа:
Бүртгэл 2009 оны 11 сарын 30-нд дуусах бөгөөд хичээл 2010 оны 7-р сард эхэлнэ.

Тэтгэлгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон элсэлтийн мэдүүлгийг доор дарж үзнэ үү:

Further Scholarship Information and Application

Дэлгэрэнгүйг энд-ээс хараарай
Дэлгэрэнгүй “Азийн ХөгжлийнБанк-Сиднейд суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр”

Үр бүтээлч байх - 6 алхам

Хэрэв та уншаад амьдралдаа хэрэгжүүлж чадвал таны ажил өмнөхөөсөө улам илүү үр бүтээлтэй болно гэдэгт итгээрэй.

1. Хийх зүйлсээ цаасан дээр бичиж тэмдэглэ (Write down everything)
2. Хийх ажлаа олон жижиг хэсэгт хуваа (Divide & Conquer)
3. Ажиллах орчноо өөрт чинь хамгийн тохьтой байхаар бэлд (Comfortable Environment)
4. Хамгийн амархан бөгөөд хурдан дуусгаж чадах ажлуудаасаа эхэл (Smallest task first)
5. Богино, дунд болон урт хугацаанд хийх зуйлсээ төлөвлө (Plan short, medium and long term)
6. Ямар нэгэн хугацаанд зөвхөн нэг ажил дээр төвлөр (Only one task at a time)

Эх сурвалж -> http://www.salaryscout.com/blog/how-to-be-ultra-productive-six-tips/
Дэлгэрэнгүй “Үр бүтээлч байх - 6 алхам”

2009/10/25

**Хүний дайтай амьдарч л явна даа…**

ИН-ийн салбарт ажиллаж байгаа авъяаслаг залуусын бүтээлээс Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад ТХА-ны инженер Д.Батцэнгэлийн зохиосон шүлэгнээс хүргэж байна. Тэрбээр энэ шүлгэндээ ая зохиож, Ахмадын баярын үеэр ИНЕГ-аас зохион байгуулсан арга хэмжээн дээр дуулсан юм.

**Хүний дайтай амьдарч л явна даа…**

Өглөө болгон эртлэн босоод
Өөдрөг амьдралд дандаа тэмүүлнээ
Үе үеийнхэн нөхдөө мөрлөөд
Үйлсийн сайханд яаран алхалнаа
Ерөөлөөр учирсан ажилдаа яараад
Ердөөч миний сэтгэл тогтохгүй ээ
Амьдралын бартааг хамтдаа туулсан
Нисэхийн хэдэн сайхан нөхөд минь ээ

Дахилт: Хорвоод хүртсэн энэхэн заяандаа
Хайртай нөхдөө мартхын аргагүй ээ
Хүслийн минь дээд алсын бодолтой
Хүний дайтай амьдарч л явна даа.

Зовлон жаргал ээлжлэн байхад
Зүрхний угаас зүтгэж явсан юмаа
Хотлын амьдралыг өрнүүлэх гээд
Хосхон жигүүртэй дуулж л явсан юмаа
Тэнгэрийн замын сүлжээ бүхнийг
Тэрлэж л найзууд минь зурсан юмаа
Түмний төлөө хийсэн бүхэн нь
Тэртээ тэнгэрт мөнхрөн үлдсэн юмаа

Дахилт: Хорвоод хүртсэн энэхэн заяандаа
Хайртай нөхдөө мартхын аргагүй ээ
Хүслийн минь дээд алсын бодолтой
Хүний дайтай амьдарч л явна даа.

Үдэш болоход зогсоол дээрээ
Үүрссэн морь шиг мөнгөн хүлэг минь ээ
Бидний л алдрыг тэмдэглэх шиг
Буудал дээрээ гангаран харагднаа
Ханьдаа яаран хүүгээ санасан
Хүний сэтгэл хэзээч дундрахгүй ээ
Оройны унаанд сандран гүйлдээд
Нисэхийн амьдралд дэндүү л дасч
Д:_____________
2008:05:05нд 18:18 бичив.
үг,ая : ИНЕГ __ ТХА –ны Навигацийн хэсгийн
үйлдвэрлэлийн тасгийн инженер : Д.Батцэнгэл
Дэлгэрэнгүй “**Хүний дайтай амьдарч л явна даа…**”

2009/10/21

ИНЕГ-ын дарга ургац хураалтад оролцсон залуусыг хүлээн авч уулзлаа.

Залуус Төв аймгийн Угтаал-Цайдам сумын Б.Бат-Өлзий захиралтай “Чандмана дөл“ ХХК, Асгат багийн Ш.Рэнцэндорж захиралтай “Элсэн цагаан“ ХХК, Цээл сумын Ууганболд захиралтай “Буман тариа“ ХХК, Ш.Ганбат захиралтай “Бугын Ам“ ХХК, н.Мөнхтөр захиралтай “Оргил төр “ ХХК зэрэг компаниудын газар тариалангийн ажилд тусалж, тэдний талархлыг хүлээсэн байна. Ургац хураалтад оролцсон залуус Мягмар гараг бүрийн 08.30-д явагддаг ИНЕГ-ын мэдээллийн цагаар ургац хураалтад оролцсон талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. Уулзалтад ИНЕГ-ын дарга Г.Даваа, ЗХН-ийн ерөнхий менежер Т.Батжаргал, ЗХНХМХ-ийн дарга С.Манлай болон тус газрын ажилтнууд, ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа, нарийн бичгийн дарга Х.Бямбацогт нар оролцлоо.

Манай залуус ургац хураалтын ажилд амжилттай оролцсоныг үнэлэн орон нутгийн засаг захиргаа, газар тариалангийн компаниудаас гардуулсан өргөмжлөл, тодорхойлолт, тариан түрүү бүхий ваар, хүн бүрт тавган хэлбэр бүхий дурсамж зэрэг дурсгалын зүйлийг гардуулсан байна.

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар газар тариалангийн ажилтай танилцаж явахдаа 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ургац хураалтад оролцож буй тус газрын залууст талархал илэрхийлж, амжилт хүссэн байна.


Цаг агаарын аюултай үзэгдэл болж, газар тариаланчдад тохиолдсон бэрхшээлийг даван туулахад туслалцаа үзүүлэх, тус яамнаас гаргасан уриалгыг дэмжих зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын Залуучуудын холбооноос тодорхой ажлыг зохион байгуулсан билээ.


ИНЕГ-аас ажилтан залуучуудын сайн дурын хүсэлтийг харгалзан тариаланчдад туслах ажилд бүртгэж, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцсаар хангав.
Төв аймгийн Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга н.Мөнгөнхайч, мөн газрын ерөнхий арономи н.Сүрэнхорлоо, Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Батсуурь нар ИНЕГ-т хүрэлцэн ирж, тухайн газар нутгийн байдал, тэнд ажиллах зөвлөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, дэмжиж ажилласан байна.
Дэлгэрэнгүй “ИНЕГ-ын дарга ургац хураалтад оролцсон залуусыг хүлээн авч уулзлаа.”

2009/10/18

Шинэ клип гарлаа

ОУ-ын нислэгийн удирдагчдын өдрийг жил бүрийн 10-р сарын 20-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ИНЕГ-ын Сургалтын төвийн "Нислэг хөдөлгөөн удирдагч"-ийн ангийн суралцагч Ц.Рагчаасүрэн "Бид нислэгийн удирдагч" дууны клип гаргажээ.
Дууны үгийг Ц.Рагчаасүрэн өөрөө зохиож, дуулсан бол, аяыг СТА Н.Баасандорж зохиосон байна. Хүсэл мөрөөдлөө харамгүй шингээж, сэтгэлд хоногшин, урт удаан наслах бүтээлээ дуунд хайртай түмэндээ өргөн барьсан уран бүтээлчдийн нэг бол хөгжмийн зохиолч СТА Н.Баасандорж бөгөөд “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Элээх тавилан”, “Тэр л хэвээрээ”, "Хосын хорвоо" гэх зэрэг дуугаар бид сайн мэдэх билээ.

Ц.Рагчаасүрэн нь Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангаас зохион байгуулдаг
-2003 онд зохиолын дууны төрлөөр алтан медаль,
-2004 онд эстрадын дууны төрлөөр мөнгөн медаль,
-2009 онд яруу найргийн төрлөөр алтан цом,
ЕБС-иас
-2003 онд шилдэг залуу алтан медаль,
-2005 онд шилдэг сурагч алтан медаль,
оор тус тус шагнагдсан байна.

Нислэгийн удирдагчдын өдөрт зориулан уран бүтээлийн бэлэг барьсан Ц.Рагчаасүрэндээ цаашдынх нь уран бүтээл, ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Шинэ клип гарлаа”

2009/10/17

НУ-ын өдөрт зориулсан тэмцээн өндөрлөлөө

Монголын Нислэгийн Удирдагчдын Холбооны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 12 эрэгтэй баг оролцсоноос алтан медалийг "Чингис Хаан" Олон Улсын Нисэх Буудал дахь Шалган нэвтрүүлэх боомтынхон, мөнгөн медалийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаныхан, хүрэл медалийг "Чингис Хаан" Олон Улсын Нисэх Буудлынхан тус тус хүртэв. Эмэгтэй багуудаас алтан медалийг Газрын тусгай үйлчилгээатахууны албаныхан, мөнгөн медалийг Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлынхан, хүрэл медалийг ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК-ийнхан тус тус авчээ.

10 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын Нислэгийн Удирдагчдын Холбоо нь 1995 онд байгуулагдсан ба сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм байна. Тус байгууллага нь нислэгийн аюулгүй байдал, агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх, гишүүдийнхээ эрх ашгийг мэргэжлийн болон нийгмийн тал дээр хамгаалах зорилготой ажээ.

Монголын Нислэгийн Удирдагчдын Холбоо нь 1998 онд Францын Тулуза хотод болсон Нислэгийн Удирдагчдын Холбоодын Олон Улсын Эвслийн хурлаар тус эвслийн бүрэн эрхт гишүүнээр элсэж одоогоор 140 гаруй жинхэнэ болон дэмжигч гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй “НУ-ын өдөрт зориулсан тэмцээн өндөрлөлөө”

2009/10/15

- Нойр хүрээгүй тэрхэн бодол...-

ТХА_ны Навигацийн хэсгийн инженер:Д.Батцэнгэл


Үүлэн чөлөөнд саран наадхад
Үүрийн цолмон тэртээд тодроно
Үеийн найзууд минь нүдний өмнүүр
Үерхэж тоглосон хэвээр харагдана

Түрэн уралдах усны шуугианд
Төгөлдөр бадрах Улиастай хот минь
Төөрсөн хүүгээ тосон мэлмэрэх шиг
Төгөлхөн дотрыг минь мэгшүүлэн аргадана.

Үүрийн гэгээ манхайн цайхад
Өнгийн цэцгэнд шүүдэр гялтганана
Унаган нутгийн сайхныг бишрээд
Уужуу тайвнаар сэтгэл минь цэлмэнэ

Өглөөн нарны шижирхэн туяанд
Унтсан орчлон нойрноос сэрлээ
Уудам нутгийнхаа сайхныг бишрээд
Уяхан эгшигээр сэтгэл минь бялхлаа

/Завханд томилолтоор ажиллаж байхдаа/
1999 онд бичив.
Дэлгэрэнгүй “- Нойр хүрээгүй тэрхэн бодол...-”

2009/10/05

Ургац хураалтад оролцож байна.

Намрын ургац хураалтын үеэр цаг агаарын байдал хүндэрснээс үр тариагаа богино хугацаанд хаягдалгүй хураах зорилгоор ХХААХҮЯ-наас гаргасан уриалгыг Засгийн газар дэмжин орон даяар ургац хураалтад туслах компант ажил зохиогдож байна.
Энэ ажлын хүрээнд Иргэний нисэхийн залуучуудын холбооны санаачилгыг дэмжин ИНЕГ-аас 37 залуус ургац хураалтад оролцох саналаа ирүүлснийг хүлээн авч ургац хураах багийг зохион байгууллаа.


Сайн дурын залуучуудын багт ИНЕГ, Жаргалант цогцолбор, "Чингис хаан" ОУБ, НААХЗА, ТХА, ГТҮША, НМХА, НХҮА-ны залуучууд багтсан ба тэднийг өчигдөр буюу 2009.10.05-ны өдөр 10.00 цагт ИНЕГ-ын удирдлагууд болон Төв аймгийн ЗДТГ-ын ХХАА, жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга н.Мөнгөнхайч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Батсуурь, Ерөнхий агрономич н.Сүрэнхорлоо нар Төв аймгийн Цээл, Угтаал сумдад үдэн гаргаж өглөө.


Төв аймаг нь энэ жил 45000 га талбайгаас 55000 тонн үр тариа хураан авах ба үүний 50 хувийг Цээл, Угтаал сумууд авах юм байна.
Дэлгэрэнгүй “Ургац хураалтад оролцож байна.”

2009/09/27

ИНЕГ-ын баг амжилттай тоглов


Сагсан бөмбөгийн "Sprite Cup" 2009 оны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд ИНЕГ-ын "МОНАТСА" баг амжиллттай оролцож дэд байр, 600 мянган төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.







Дэлгэрэнгүй “ИНЕГ-ын баг амжилттай тоглов”

Бадминтоны тэмцээн өндөрлөлөө


Иргэний нисэхийн салбарын Бадминтоны нээлттэй тэмцээн 2009 оны 09 сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд МИАТ ХК-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт эрэгтэй 19 эмэгтэй 8 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос.

- Эрэгтэй ганцаарчилсан төрөлд “ТХА”-ын Б.Цогоо
- Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ТХА-ын тамирчин н.Гүндэгмаа
- Эрэгтэй хосын төрөлд “Чингис Хаан” ОУБ-ын Д.Одбаяр, ИНЕГ-ын Х.Бямбацогт нар тус тус аваргалсан байна.
Дэлгэрэнгүй “Бадминтоны тэмцээн өндөрлөлөө”

2009/09/13

Улсын баатар Д.Гунгаагийн гавьяаг боржин чулуунд мөнхөлжээ

Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн гавьяат нисгэгч, хошууч генерал Д.Гунгаа өнгөрсөн долоо хоногт төрсөн нутагтаа очин, өчигдөр Улаанбаатар хотод буцаж иржээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрж, өссөн юм байна.

Улсын баатрыг төрсөн нутагтаа очиход орон нутгийн удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, төрөл төрөгсдийнх нь санаачилгаар хүй дарсан газар нь хоёр метрийн өндөртэй боржин чулуугаар хөшөө босгожээ. Хөшөөнд Улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа энд төрсөн юм хэмээн сийлбэрлэн бичсэн байна. Дашрамд сануулахад, Хөвсгөл аймгаас улсын баатар дөрөв төрсний хамгийн отгон нь гавьяат нисгэгч Д.Гунгаа болжээ. Тэрбээр эдүгээ 90 гаруй насны сүүдэр зэрэгцээд байгаа юм.

Г.Наран
Дэлгэрэнгүй “Улсын баатар Д.Гунгаагийн гавьяаг боржин чулуунд мөнхөлжээ”

2009/09/09

Таны саналыг хүлээн авна

Залуус, залуу гэр бүлийн тулгамдсан асуудал бол яах аргагүй орон сууцны бэрхшээл. Энэ бэрхшээлийг хэрхэн шийдэх, улсаас болон байгууллагаас залуустаа хандаж ямар хөтөлбөр, төсөл, санал санаачлага, менежмент гаргаж ажиллавал оновчтой талаар Залуус та бүхэн санал, сэтгэгдлээ бичиж үлдээх болон ИНЗХ-нд ирүүлнэ үү.

Ямартаа ч төр засгаас энэ талаар тодорхой ажлууд хийж байгаа боловч Залууст хүртэх хүртээмж ямар байх вэ гэдэг нь нэг л тодорхой бус.

Иймд салбарын залуус нийлж салбарынхаа давуу талыг ашиглах боломжоо судалцгаая.

Сонирхуулах үүднээс дараах мэдээллийг хүргэе.

"Найдвартайгаар нь төрийн албан хаагчдыг эхлээд моргэйжид хамруулна."


Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГАТАЙ
ярилцлаа.

-Санхүү, эдийн засгийн хямрал барилгын салбарт хүндээр тусч байна. Энэ хүндрэлийг даван туулах талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ ?

-Засгийн газраас барилгын салбарын хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой алхмууд хийж байна. Үүний нэг нь ашиглалтад ороход бэлэн болсон байруудыг төрийн албан хаагчдад моргэйжийн зээлээр олгох гэж байгаа явдал. Засгийн газар нийт 200-гаад тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын орон сууц худалдан авахад зарцуулна.

-Төрийн албан хаагчдад олгох моргэйжийн зээлийг Орон сууцны санхүүжилтийн корпорациар зуучлуулалгүй шууд арилжааны банкуудаар дамжуулан олгох нь зүйтэй гэж Барилгын үндэсний ассоциацынхан мэдэгдэж байгаа. Энэ талаар танай яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс буруу мэдээлэл авснаас болж буруу ойлгоод байна. Зээлийн мөнгө арилжааны банкаар дамжина. Гэхдээ дан ганц банкуудад итгэж болохгүй. Бэлэн мөнгийг банкаар дамжуулахад гарах нэг эрсдэл нь тэд моргэйжийн зориулалттай мөнгийг өөр зүйлд зарцуулах магадлалтай. Тиймээс Орон сууцны санхүүжилтийн корпорац энэ үйл ажиллагаанд оролцоно. Харин яам ийм аж ахуйн ажил хийхгүй.

-Арилжааны банкууд зээлийн зориулалтаар байршуулсан мөнгийг өөр чиглэлээр ашиглаж байгаад хяналт тавих боломжтой юу?

-Үүнд яам хяналт тавих боломжгүй. Монголбанк л анхаарах хэрэгтэй. Моргэйжид зориулсан мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй бол хариуцлага тооцох ёстой.

-Засгийн газар төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах гэж байгаагийн нөгөө талд хувийн хэвшлийнхэнд ийм боломж олдсонгүй гэх шүүмжлэл байна?

-Тогтмол цалинтай тул найдвартай гэдэг утгаар нь төрийн албан хаагчдыг сонгосон. Тэд байр худалдан авсан өдрөөсөө л тооцоод цалингаасаа төлбөрөө төлөөд эхэлнэ. Энэ нь моргэйж жинхэнэ бодит утгаараа хэрэгжинэ гэсэн үг. Эхний ээлжид ийм алхам хийж бэлэн байгаа байруудыг борлуулахгүй бол барилгын салбарт түгжрэл үүсээд байгаа. Бэлэн байгаа 4000 байрыг борлуулснаар барилгын салбарынхан дараагийн 8000 орон сууцыг ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэртэй болно. Цаашид хувийн хэвшлийнхнийг орон сууцаар хангахад анхаарна. Энэ талаар шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөсөн. 4000 орон сууц гэдэг бага тоо. Юуны өмнө хамгийн эрсдэлгүйгээр иргэдийн орон сууц худалдан авах чадварыг дэмжих хэрэгтэй байна.

-Төрийн албан хаагчдад олгох орон сууцны үнэ нэлээд буурах юм билээ. Энэ моргэйжийн зээлд өөр ямар нөхцөл тавьж байгаа вэ?

-Зээлийн урьдчилгаа гэдэг дарамтыг багасгана. Төрийн албанд олон жил ажилласан, байрны өргөдөл өгөөд 10-15 жил хүлээж байгаа хүмүүсийг эхний ээлжид моргэйжийн зээлд хамруулна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.open-government.mn
Дэлгэрэнгүй “Таны саналыг хүлээн авна”

2009/09/08

Шинэ ном

Залуусаа ! Нисэх буудлын болон аэродромын чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа залууст энэ ном хэрэгтэй болов уу гээд мэдээллийг орууллаа. "Иргэний нисэхийн аэродром" номыг хэвлүүлсэн НААХЗА-ны аэродромын байцаагч Б.Мөнхжаргал нь 1976 онд төрсөн. Украйн улсын Киев хотын Олон улсын иргэний нисэхийн их сургуулийг аэродромын инженер мэргэжлээр төгссөн мэргэжлийн залуу боловсон хүчин юм. Ингээд та бүхэнд номын өмнөх үгийг хүргэе.

Өмнөх үг

Нисэхийн аюулгүй ажиллагаа, тэр тусмаа иргэний нисэхийн салбарын улгүй ажиллагааны нэг томоохон хэсэг бол аэродромын аюулгүй ажиллагаа бөгөөд энэ нь аэродромын зөв төлөвлөлт, ашиглалттай салшгүй холбоотой юм.

Дэлхий нийтэд иргэний нисэхийн салбар эрчимтэй хөгжиж, орчин үеийн хүчирхэг агаарын хөлгүүд нислэг үйлдэх болсон бөгөөд цаг үеэ дагаад эдгээр агаарын хөлгүүдийн хурд, бүтцэд эрс өөрчлөлт орж байна. Энэ утгаараа агаарын хөлгийн хөөрөлт, буулт, газар дээрх хөдөлгөөн зэрэг нисслэгийн хамгийн хариуцлагатай, өндөр эрсдэлтэй үе шатны аюулгуй ажиллагааг хангахад аэродромын байгууламж, тоног төхөөрөмж болон аэродром орчмын нутаг дэвсгэрт онцгой өндөр шаардлагууд тавигдах болсон.

Дээрх шаардлагуудын хүрээнд Монгол улсын иргэний нисэхийн аэродромуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр аэродромуудыг байгуулахад төр засгаас ихээхэн анхаарч, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, ашиглаж байгаа болон ойрын ирээдүйд ашиглалтанд орох аэродромуудын ашиглалтын ажлыг удирдах инженер техникийн ажилтнууд, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд гарын авлага болох энэхүү сурах бичиг гарч байгаа нь цагаа олсон чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Аэродромын инженер, техникийн ухааны доктор Ч. Сэрд-Янжив
Дэлгэрэнгүй “Шинэ ном”

2009/09/02

Ажлын байрны зар

ИНЕГ-аас Техникийн бодлогын мэргэжилтэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэргэжилтэн, Байгаль орчны үнэлгээний мэргэжилтний ажлын байруудыг зарласан байна. 2009.9.15-ны дотор материалыг хүлээн авах юм байна. Дэлгэрэнгүй http://www.mcaa.gov.mn вэбийн "Ажлын байр" цэс рүү орж танилцана уу.
Дэлгэрэнгүй “Ажлын байрны зар”

2009/08/24

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРААС МОНГОЛ УЛСЫН БААТАР ТӨРСӨНД ЗАЛУУЧУУД БИД БАХАРХАЖ БАЙНА


Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган БНМАУ-ын анхны гавьяат нисгэгч, хошууч генерал, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дугарын Гунгаа гуайд Монгол Улсын Баатар цол хүртээсэн билээ.

Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа харамгүй зориулж эх орны тусгаар тогтнол, нисэх хүчний хөгжлийн төлөө хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийн үр шимийг өнөөдөр төр засгаас өндрөөс үнэлж байгаад таны хойч үе, залгамж халаа болсон иргэний нисэхийн залуучууд бид чин сэтгэлээсээ бахархаж байна.

Зоригт шонхор Гунгаа гуайдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Дэлгэрэнгүй “ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРААС МОНГОЛ УЛСЫН БААТАР ТӨРСӨНД ЗАЛУУЧУУД БИД БАХАРХАЖ БАЙНА”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game