Өнгөрч буй 2010 он Иргэний нисэхийн салбарын хувьд ажил үйлс оргилсон их хөгжлийн жил байлаа. Иргэний нисэхийн салбарынхан бид салбарын тогтвортой хөгжлийг хангахуйц техник технологийн шинэчлэлт хийж, эрх зүйн орчныг сайжруулах, нисэхийн аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллах, аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилчилгээг сайжруулах, нисэх буудлын үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, иргэний нисэхийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх олон ажлыг өнгөрсөн онд амжуулж, 2011 оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Мөн НҮБ-ийн мэргэшсэн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын хоёр удаагийн өргөтгөсөн аудит шалгалтад хамрагдаж Монгол Улс 90 орчим хувийн үнэлгээ авсан нь олон улсын хэмжээнд Монгол Улс болон Иргэний нисэхийн салбарынханы нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
Мэдээллийн эрин зуунд улс орныхоо тэргүүлэх салбарын нэг болж, хамгийн орчин үеийн техник, технологио эзэмшин өөрийн гэсэн соёл, эрхэмлэх үнэт зүйлс, тогтсон ёс зүйтэй байгууллагад ажиллаж, амьдарч байгаагаараа бид бахархдаг. Бид өнгөрсөн жилд олсон амжилтаа бататган ирж буй 2011 онд Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулах, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010, 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, Төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, Монгол Улсын агаарын зайг бүхэлд нь харж удирдах боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай цэгүүдийг бодит ажиглалтын системээр нэмж тоноглох, олон улсын болон орон нутгийн агаарын шугамыг өргөтгөж, иргэний нисэхийн үйлчилгээг олон нийтэд илүү хялбар, хүртээмжтэй болгох чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын аудит шалгалтаас өгөгдсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх олон ажлыг зорилт болгон тавьж хэрэгжүүлэх гэж байна.
ИНЕГ түүний харъяа байгууллага, бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч МИАТ ХК, Аэромонголиа, Изинис, Тэнгэрийн улаач-шинэ, Моннис эйрсервис, Блю скай, Геосан, МАК нисэх компаниуд болон “Нислэгийн удирдагчдын холбоо”, “Агаарын тээвэрлэгчдийн холбоо”, “Нисэх буудлуудын холбоо”, “Залуучуудын холбоо”, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагын хамт олон Та бүхэнд шинэ оны мэндийн хүргэхийн ялдамд 2011 ондоо өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, иргэний нисэхийн салбараа хөгжүүлэх их үйлст хувь нэмрээ оруулж, мэлмий тунгалаг ухаан тэнүүн, ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
ИНЕГ-ЫН ДАРГА С.БАТМӨНХ