Улс орон даяар ургац хураалт эхэлж байгаа цаг үед Иргэний нисэхийн залуучуудын холбооны санаачлагаар тус салбарын залуус ургац хураалтын ажилд оролцохоор өнөөдөр Төв аймгийн Угтаал-Цайдам, Цээл сумын тариаланчдын баг руу хөдөллөө.
Ургац хураалтад "Чингис хаан" ОУБ, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Оношилгоо хэмжилзүйн лаборатори, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Шалгалтын нислэг, зураглалын албаны нийт 20 залуу оролцож байна.
Газар тариалангийн гол бүс нутгийн нэг Төв аймаг өнгөрсөн онд 80 мянган тонн үр тариа хураасан бөгөөд энэ онд 101 мянган тонн үр тариа хураана гэсэн тооцоотой ажиллаж буй аж. Энэ онд аймгийн хэмжээнд тариалалт өнгөрсөн онтой харьцуулахад 14-28 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ намар 101 тонн үр тариа хураавал улсын хэмжээний нийт үр тарианы 4/1-ийг бэлтгэх боломжтой болох аж.
Иргэний нисэхийн залуучуудын холбооны төлөөлөгчдийн ажиллах Угтаал цайдам сум 15294 га газарт улаан буудай тариалсан бөгөөд 27892 тонн, Цээл сум 15573 га газарт улаан буудай тариалж 31768 тонн улаан буудай хураана гэсэн тооцоотой ажиллаж байгаа юм байна.
Энэ намрын хувьд цаг агаар ихээхэн хувирамтгай байгаа тул цаг нартай уралдаж ажилладаг тариаланчдын хувьд ажиллах хүч нэн шаардлагатай байгаа. Ургац хураалтанд иргэний нисэхийн залуус санаачлагаараа мөн орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш оюутнууд оролцож байгаад баяртай байна хэмээн Төв аймгийн Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Р.Мөнгөнхайч сэтгэгдлээ ярьж байна.
Иргэний нисэхийн Залуучуудын холбоо ургац хураалтын ажилд гурван жил дараалан санаачлагаараа оролцож байгаа бөгөөд намрын тариа хураалтын ажилд сайн дураараа, идэвхитэй оролцохыг бусад салбар байгууллагуудын залууст уриалсан байна.