2011/01/18

“Буянт-Ухаа”, “Эрчим”-ийн ГАЙХАЛТАЙ ТҮРҮҮ


Монголын волейболын холбооны үндэсний лигийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн лиг ойрын хэдэн жил үзэгдээгүй ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, волейболын хорхойтнуудад том бэлэг барьсан юм.

Хүрэл медаль “Ноён”, “Уурхайчин”-ых


Хүрэл медалийн төлөөх тоглолтууд тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй. Ерөнхийдөө урьдчилан таамаглаж байсан багууд ялагчаар тодорсон гэж болно. “Эрчим”-ийн залгамж халаа болон бэлтгэгдэж буй залуу охид энэ жил “Тэнүүн-Огоо” нэр дээр орж, туршлага хуримтлуулсан. Анх удаагаа томхон тэмцээнд орж буй тэд бусдаасаа аргагүй туршлага дутаж, тойргийн тоглолтоос нэг ч хожил авч чадаагүй юм. Харин “Уурхайчин”-ы эсрэг хийсэн хүрэл медалийн төлөөх цувралын гурав дахь тоглолтод учраагаа сөхрүүлж, нэр төрийн хожлоо байгууллаа.

Басч байгаад ялагдсан “Уурхайчин”- ыхан дараагийн тоглолтод алдаа гаргалгүй тоглосоор 3:0- ээр хожиж, хоёр жил дараалан хүрэл медаль дээр буусан юм. Харин эрэгтэй багуудын хүрлийн төлөөх тоглолт арай сонирхолтой болсон. Хүмүүс ерөнхийдөө “Ноён”-г хожно гэж таамаглаж байсан ч “Уурхайчин” басч болохгүй өрсөлдөгч юм. Тэд ч гурав дахь тоглолтод үүнийгээ нотлон харуулж, цувралын харьцааг ойртуулсан. Харин дөрөв дэх уулзалтад “Ноён”-гийн залуус өрсөлдөгчөөсөө илүү гэдгээ нотолж, 3:0-ээр буулган авлаа. “Ноён”-гийнхон лигийн эхний тойрогт хамгийн сүүлийн байрыг эзэлсэн бол удаахад нь гуравт орж, сүүлийн тойрогт тэргүүлсэн. Нэг ёсондоо амжилт нь өдрөөс өдөрт сайжирч, тоглолт нь орж буй. Энэ эрчээрээ хүрэл медаль дээр буулаа. “Ноён” багийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэй болсноос хойш анхны медалиа авч байгаа нь энэ. Тэд хамгийн сүүлд 2004 онд хүрэл медаль хүртэж байв.

Гал гарсан шигшээ тоглолтууд

XV лигийн аваргын төлөө тоглолтууд ёстой л гал маналзсан ширүүн өрсөл дөө- нөөр дүүрэн болж, үзэгчдийн цөсийг хөөргөв. Эрэгтэйчүүдийн аваргын төлөө ноднингийн дэд аварга “Эрчим”, 2008 оны аварга “Буянт-Ухаа” багууд тунан үлдээд байв. Багийн бүрэлдэхүүн, тойргийн тоглолтод үзүүлсэн байдал, тоглогчдынх нь туршлага гээд аль ч талаас нь харсан “Эрчим”-ийн ялах боломж илүүд тооцогдож байлаа. Энэ багийн бүрэлдэхүүнд шигшээ багт данстай 5-6 тоглогч багтаж байсан юм. Гэтэл цувралын эхний хоёр тулаанд “БуянтУхаа” хожих нь тэр.

“Эрчим”- ийнхэн шуудайд хийсэн үхрийн эвэр мэт байж, нэг баг болж чадаагүй нь тэдний ялагдлын гол шалтгаан боллоо. Тэгвэл залуухан тоглогчдоор эгнээгээ тэлсэн нисэхийн баг эсрэгээр, хоорондоо тун сайн ойлголцож, эвсэг тоглолтоор ялалтад хүрсэн юм. Харин гурав дахь тоглолтоос “Эрчим” огт өөр араншин гаргах болов. Хоорондоо ойлголцож буй байдал, сэтгэл санаа өөдрөг байгаагаас харахад багийн дотоод хурал нь үр дүнд хүрсэн бололтой. Тэд энэ өдөр өрсөлдөгчөө илүүрхэнэ гэдгийг бүрэн утгаар нь харуулж, 3:0- ээр түвэггүй хожсон юм. Бямба гаригт болсон дөрөв дэх тоглолт ордонг доргиосон гэж болно.

Эхний хоёр партад “Эрчим” илүүрхэж хожсоны дараа аварга багийн нэр ням гаригт тодрох нь гэж бүгд бодсон байх. Гэтэл гурав дахь партад “Буянт-Ухаа”-гийн залуус ширүүн өрсөлдөөний эцэст 34:32-оор хожсон нь тэднийг эрс сэргээсэн. Улмаар нисэхийнхэн дараагийн хоёр партад 28:26, 15:13-аар давамгайлан тун хүнд нөхцөлөөс амттай ялалт байгуулж, лигийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртлээ. Шийдвэрлэх мөчид Б.Энхмагнайгийн намын довтолгоо удаа дараа оновчтой болсон нь тулааны дүр зургийг эргүүлсэн гэж болно. Мөн Р.Хангай аргагүй л Монголын ¹1 холбогч гэдгээ харуулж, багийнхнаа зөв удирдан чиглүүлж чадсан. Ер нь “Буянт-Ухаа”-гийн энэ түрүүг Хангайгийн ухаалаг тоглолттой холбон тайлбарлах нь зүйтэй болов уу.

“Эрчим”-ийн хувьд маш гоё багийг бүрдүүлсэн хэрнээ хэмжээндээ хүртэл тоглож чадалгүй хоёр жил дараалан мөнгөн медаль дээр буулаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн шиг шээ тоглолт үүнээс илүү со нир холтой болсон. Со лонгос дасгалжуулагчаар удирдуул сан “Энагурэ” баг тойргийн тоглолтод 9-0 гэсэн төгс амжилт үзүүлж, итгэл төгс финалд шалгарсан. Тэдний өрсөлдөгч “Эрчим”-ийн хувьд нэлээд тэвдэж байж авар гын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм. “Уурхайчин” тэдэнтэй ширүүн өрсөлдөж байсан бөгөөд шийдвэрлэх гуравдугаар тойрогт “Эрчим” гол өрсөлдөгчөө 3:2-оор хожиж, айдаггүйгээ авдартаа хийсэн билээ.

Ингээд ноднингийн финал дахин давтагдахад “Энагурэ” эхний хоёр тоглолтод ялалт байгуулав. Ингэснээр тэд лиг эхэлснээс хойш 11 дараалан яллаа. Одоо алтан медаль энэ багийн халаасанд орлоо гэдэгт эргэлзсэн хүн ховор байх. Гэтэл итгэмээргүй хүнд нөхцөлөөс “Эрчим” гайхалтай эргэн ирэлтийг хийж, хүчтэй өрсөлдөгчөө гурав дараалан хожиж чадсан юм. Гурав дахь тулаанд 3:2-оор хожсон нь тэдэнд сэтгэл санааны сэргэлт авчирсан. Ялангуяа шийдвэрлэх тав дахь партад тэд 12:10-аар дийлдэж яваад таван оноо дараалан авсан юм. Бямба гаригт болсон дөрөв дэх уулзалт ч мөн таван партын турш үргэлжилж, “Эрчим” азтай гэмээр ялалтыг авсан.

Сүүлийн партад “Энагурэ” хоёр ч удаа хожил авах, цаашлаад аваргалах боломжтой нөхцөлд тоглосон ч үүнийгээ ашиглаж чадаагүй. Ялалт хэнд ч ирж магадгүй болсон эгзэгтэй мөчид хашир мастер Л.Нарантуяа багаа аварч байв. Ийнхүү итгэмээргүй нөхцөлөөс цувралыг тэнцүүлсэн “Эрчим”- ийнхэн өчигдөр өрсөлдөгчөө 3:0-ээр итгэлтэй хожиж, гайхалтай түүхийг бүтээлээ. Гарцаагүй аваргалах нөхцөлөөс хоёр ялагдсан нь “Энагурэ”-д хүндээр туссан бололтой, өөрсдийн үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй.

Тэд тав дахь тоглолтын хоёрдугаар партад л гэхэд 17:11-ээр тэргүүлж яваад бариулж, ялагдсан юм. Хэрвээ энэ багт гайгүй сайн либеро байсан бол гарцаагүй аваргалах байсан. Гэтэл багт хамгийн чухал үүрэгтэй чөлөөт хамгаалагч нь бүдүүлэг алдаа олныг гаргаж, багаа хөөдсөн юм. Харин эсрэг багийнх нь либеро Г.Билгүүн бараг боломжгүй гэмээр нөхцөлөөс бөмбөгийг босгож, өөрийгөө ямархуу чадварлаг тоглогч болохоо хангалттай харуулсан.

Ер нь тэр багийнхаа ялалтад Л.Нарантуяагаас дутахааргүй гавьяа байгуулсан юм. Ийнхүү жил дамнан явагдсан волейболын лиг үзэж харах, сонирхуулж ярих зүйл арвинтай болж өндөрлөлөө. Энэ хоёр багийн өрсөлдөөн ирэх жилийн лигийг ч гэсэн чимэх биз ээ.

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД

Хамгаалагч: эрэгтэй Т.Отгонтөгс (Эрчим)

эмэгтэй Г.Билгүүн (Эрчим)

Давуулагч: эрэгтэй М.Цэрэнбаатар (Ноён)

эмэгтэй П.Буянжаргал (Уурхайчин)

Холбогч: эрэгтэй Р.Хангай (Буянт-Ухаа)

эмэгтэй А.Уранчимэг (Энагурэ)

Довтлогч: эрэгтэй Э.Сайханбаатар (Эрчим)

эмэгтэй Г.Цэцэгжаргал (Энагурэ)

Тэгш тоглогч: эрэгтэй Б.Ганхуяг (Буянт-Ухаа)

эмэгтэй Л.Нарантуяа (Эрчим)

Дасгалжуулагч: Жон Юн Ха (Энагурэ)

Шүүгч: С.Мөнхдэлгэр

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

ЭМЭГТЭЙ


Уурхайчин-Тэнүүн Огоо 3:1

Тт№1 3:0 (25:12, 25:21, 25:23)

Тт№2 3:0 (25:13, 25:27, 25:18)

Тт№3 2:3 (25:18, 20:25, 21:25, 25:21, 13:15)

Тт¹4 3:0 (25:17, 25:20, 25:21)

ЭРЭГТЭЙ

Ноён-Уурхайчин 3:1

Тт№1 3:1 (19:25, 25:23, 25:17, 25:21)

Тт№2 3:0 (25:23, 25:21, 25:21)

Тт№3 2:3 (15:25, 26:28, 28:26, 25:18, 13:15)

Тт№4 3:0 (25:20, 25:22, 27:25)

АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

ЭМЭГТЭЙ

Эрчим-Энагурэ 3:2

Тт№1 1:3 (25:15, 21:25, 25:27, 15:25)

Тт№2 2:3 (25:19, 23:25, 16:25, 25:16, 8:15)

Тт№3 3:2 (25:19, 25:27, 17:25, 25:17, 15:12)

Тт№4 3:2 (19:25, 25:23, 25:22, 19:25, 18:16)

Тт№5 3:0 (26:24, 30:28, 25:21)

ЭРЭГТЭЙ

Буянт-Ухаа-Эрчим 3:1

Тт№1 3:2 (25:20, 25:20, 16:25, 25:27, 15:11)

Тт№2 3:2 (21:25, 25:21, 17:25, 25:19, 15:12)

Тт№3 0:3 (20:25, 22:25, 19:25)

Тт№4 3:2 (15:25, 21:25, 34:32, 28:26, 15:13)

Г.БАЯРСАЙХАН
Дэлгэрэнгүй ““Буянт-Ухаа”, “Эрчим”-ийн ГАЙХАЛТАЙ ТҮРҮҮ”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game