Цагийн цагт олны нүд чихэнд өртөж, тэр чинээгээрээ хар сэрийг дагуулж байдаг байгууллага бол ИНЕГ. Агаарын тээврийн аюулгүй байдлын "манаан"-д аних нүдээ цавчилгүй зогсдог асар хариуцлагатай бас эмзэг мэдрэмтгий энэ салбарынхан шинэхэн даргаа хүлээж аваад удаагүй байна. Цэвэр мэргэжлийн ур чадвар, жинхэнэ чадал чансаа сорьдог энэ албаныхны тухай ИНЕГ-ын дарга Г.Даваатай ярилцлаа. Тэрээр хамт олон дундаасаа "мэндэлсэн" салбартаа 20 гаруй жил зүтгэж буй мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн кадр. Удирдлагын хувьд таатай таагүй тал бүрийн уур амьсгалтай тулж суугаа Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна.
- Та ИНЕГ гэдэг энэ том айлыг удирдаад хэсэг хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд хийж амжуулсан ажилдаа сэтгэл хангалуун байна уу? - ИНЕГ 2000 гаруй ажилтантай. Иргэний нисэхийн салбарын бодпогын асуудлыг хариуцаж, аюулгүй ажиллагааны хяналт тавин, эдийн засгийн зохицуулалтыг хийдэг, нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх зэргийн олон төрлийн үйл ажиллагаатай байгууллага. Энэ байгууллагын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд эхлүүлж байгаа ажил маань байгууллагынхаа удирдлагуудтай ажиллах, ажилтнуудтай уулзаж санал солилцох, ажилтайгаа танилцах. Манай байгууллагын удирдлагууд сайн ажиллавал бусад ажиллагсдын ажил урагштай явна гэж би ойлгож байгаа. Товчхондоо хамгийн түрүүнд байгууллагыг унтаа байдлаас сэрээх талын ажил хийгдэж байна гэсэн үг. Удаан хугацааны хөгжүүлэх хөтөлбөр манайд алга байна, аюулгүй ажиллагааны талаархи бодлого зорилт алга байна. Тэгэхээр миний хувьд энэ байгууллагын урт хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж 5-6 жилийн дараа ямар хэмжээний байгууллага болох вэ гэдэг тал дээр ажиллаж эхэлж байна даа.
- Танай байгууллага даргагүй нэлээн хугацааг өнгөрөөсөн. Ажил үүрэг цалгардсан талыг нь унтаа гэж хэлээд байна гэж ойлгож байна? - Удирдлагын асуудал шийдэгдэхгүй удаан хугацаанд явчихсан учраас ажилтнууд ерөнхийдөө жаахан хойрго болчихсон байна. Зүүрмэглэж байгаа хүмүүсийг сэрээхээр мэдээж ундууцна. Шинэ дарга орж ирээд шаардлага тавьж, хариуцлага ярихаар нэг хэсэг нь хүлээж авна, нөгөө хэсэг нь юу болж байгааг сайн ойлгохгүй тийм байдалд орчихдог. Яг ийм байдал энэ байгууллагад байна. Энэ талаар хүмүүс зах зухаас нь сонин хэвлэлээс харж байгаа байх. Энэ байгууллагыг зөв залахын тулд хүнтэй нь л ажиллах ёстой. Хүнтэй ажиллана гээд би 2000 хүн тус бүртэй нь ажиллаж чадахгүй. Тэгэхээр удирдлагын түвшинг зохион байгуулахдаа барууны болон манай монголчуудын хэрэглэдэг тэр арга барилыг хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэгэхээс би өөрөө удирдлагын шинэ онол гаргаж ирээд шинэ системээр явна гэж байхгүй. Өөрийн ур чадварын хэмжээнд удирдлагын системийг мэдээж бүрдүүлж байгаа. Өнөөгийн байдлаар хүмүүсийн хандлагыг жаахан өөрчлөх, ухамсрын түвшинд ажиллах тийм л ажил хийж байна. Энэ хүн ямар ажил хийх гээд байгаа юм, ямар хөтөлбөр явуулах гээд байна тэр тал дээр хүмүүстэйгээ ойлголцож, нэг баг болохыг л зорьж байна.
- ИНЕГ-ын өмнөх дарга хэвлэлийн бай болж байж албанаасаа чөлөөлөгдсөн. Тэр орон зайн дээр орж ирж ажил үүргээ шинээр явуулж байгаа хүний хувьд хэдийгээр дотор нь он удаан жилээр ажиллаж байсан ч гэсэн өөрийн хэмжээнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болов уу? - Тийм. Би өөрийгөө онол, арга туршлагын хувьд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үздэг. Түрүүчийн даргын хувьд нэлээд ажил хийсэн. Хийсэн ажлыг нь ихэнхдээ сонин хэвлэлээс хүмүүс үнэлж байгаа байх. Хөгжлийн хувьд ажилтнуудын ухамсар тодорхой хэмжээнд хүрчихсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг байгаа байдлаас нь яаж урагш ахиулж хөгжүүлэх вэ гэсэн бодлоор ажиллаж байгаа.
- Бид ил тод, ардчилсан нийгэмд амьдарч байна. Дарга удирдлагынхаа асуудлыг хэнбугай нь ч очоод хэвлэлээр дэлгэчихэж болно. Гэхдээ л танай байгууллагын толгойгоороо оролддог амбиц хэтрээд байх шиг. Дарга бол хүн болгонд бас таалагдах албагүй шүу дээ? -Миний бодол бас тийм л дээ. Дарга хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ миний барьж ажиллаж байгаа зарчим бол ерөөсөө л ил тод байх. Наад зах нь гэхэд л веб сайтыг олон нийтэд илүү хүргэж ажлаа сурталчилъя гэж бодож байгаа. Тэгэхээр ИНЕГ-ын дарга, удирдлагын бүх тушаал шийдвэр вэб сайт дээр гардаг болсон. Он, сар, цаг хугацаатайгаа, хүсвэл хувилж авч болно. Ер нь манайд урьд нь нууц гэж үзэж байсан бүх мэдээллүүд вэб хуудсанд чөлөөтэй тавигддаг болсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэхэд цөөхөн хэдэн хүний гарт явдаг байсан бол бүгдийг нь вэб хуудсанд оруулсан. Тендер зарлах ажлыг ч оруулж байгаа. Дүгнэлт, байгуулсан гэрээ бүгд тавигдаж байгаа. Засгийн газрын ил тод байдлын тухай тогтоол өнгөрсөн 6-р сард гарсан. Тэр ил тод байдлын шалгуурыг би өөрийнхөө ажлын нэг багаж болгон хэрэглэж байгаа.
Тэгэхээр энэ шалгуурт нийцэж ажиллахаар л бүх ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь ил тод байна гэдэг ялангуяа даргад тийм ч их хүсэх асуудал биш нь ойлгомжтой. Гэвч ард түмэн ил тод байхыг шаарддаг. Өөрт хүнд байгаа ч гэсэн би аль болох ил тод байхыг л хичээж байгаа. Мэдээж ажиглагчдын хувьд ийм мэдээллийг тавих уу тавихгүй юу гэдэг асуудлууд гардаг. Засгийн газрын ил тод байдлын шалгуурыг гаргасан тогтоолын хүрээнд багтаж байгаа бол би заавал тавь гэдэг. Ил тод байдлын шалгуур үзүүлэлтэд ажилчдыг сонгон шалгаруулж авах нэг шаардлага байдаг. Сүүлийн үед 10-аад хүний ажлын байрыг сонгон шалгаруулалт зарлаж сонгож авсан. Мэдээж эхнээсээ шалгуулах бүх хүн ажлын байрны талаар мэдээлэл аваагүй юм шиг байна лээ. Зарим хүмүүс ийм тийм ажил хиймээр байна гэж шалгаруулалт дууссан хойно хүсэлт гаргадаг. Тэгэхээр байгууллагын бүх ажилчдад хүртээлтэй байх хэмжээнд сурталчилж чадаагүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ эхний гараа зөв явагдаж байгаа.
Бид сая Хөвсгөлийн нисэх буудлын даргын сонгон шалгаруулалт явуулахад олон хүн саналаа ирүүлсэн. Тэр дундаас ОХУ-д нисэхийн академи төгссөн, Чингис хаан нисэх буудалд 10-аад жил ажиллаж байгаа эрч хүчтэй чадварлаг залуу саналаа өгсөн байсан. Тэр залуу шалгарч ажилдаа томилогдсон. Булганы нисэх буудалд мөн адилхан боловсрол чадвартай залуу томилогдсон байгаа. Увс, Говь-Алтайн нисэх буудал дээр ч сонгон шалгаруулалтаар явуулсан. Мөн гадаад дотоод явдаг сургалтуудад удирдлагын нэр заасан хүмүүс явдаг байсан бол одоо бид өөрчилж байна. Ямар чиглэлээр энэ байгууллагыг хөгжүүлье гэж бодож байна, тэр хүмүүст хүргэхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байгаа. Бээжин хотод "Ядаргааны эрсдлийн менежмент" гэдэг сургалтанд нислэгийн удирдагч нарын дунд бичлэгийн уралдаан зохион байгуулаад шалгарсан 3 хүнийг явуулсан. Тэр 3 хүнийг энэ чиглэлээр судалгаа хийгээд байгууллагаа, хүмүүсээ, өөрийгөө хөгжүүлэх тийм эрмэлзэлтэй хүмүүс гэж ойлгож болно. Тайланг нь вэб хуудсанд тавьсан. Тийм хүмүүс л ажил урагшлуулж хөгжлийг авчирна. Ер нь цаашид мэргэжлийн хүмүүсийн өөрсдийнх нь сонирхол ямар чиглэлд байна түүнд үндэслэж ажлаа явуулах зорилготой байгаа.
Олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулж өөрсдийнх нь тавьсан зорилгынх нь хэмжээнд ажил хийлгэдэг байя гэсэн бодолтой байгаа. Гадаадын мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах зорилго бас бий. Ер нь удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг вэб хуудаснаас харж болно. Үүрэг чиглэл өгөхдөө дандаа и-мэйлийн систем хэрэглэж байгаа. Би өглөө 8-10 цаг хүртэл и-мэйл дээрээ суудаг. Вэб хуудсаар хүмүүсийн явуулж байгаа мэдээллийг харна, хянадаг. Ер нь олон улсын менежмент болсон электрон засаглалыг хөгжүүлэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Цаашид манай бүх үйл ажиллагаа электрон засаглалд шилжинэ.
- Та "Салбар маань өөрөө нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч олны нүд чих их орж хар сэр дагуулдаг" гэж ярьж байсан. Хүмүүс бол ИНЕГ мөнгө хүүдийлдэг газар, дарга нь уутны аман дээр суусан нөхөр л гэж байдаг нь таньд мэдрэгддэг байх? - ИНЕГ-ын дарга гэдэг үнэхээр өндөр хариуцлагатай, томоохон мөнгөний шийдвэр гаргадаг албан тушаал. Тэрнийхээ хэмжээгээр дандаа хардлага сэрдлэг дагуулж байдаг. Энэ албан тушаалтны хажууд нь ирчих бодолтой хүмүүс ч их байдаг юм байна. Хувь хүмүүсийг буруутгаад байгаа юм биш. Ерөөсөө ийм асуудлыг шийдэх ганцхан арга зам байна. Тэр арга бол системийн хэмжээнд шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Эхний ээлжинд агентлагын үйлдвэрлэлийн болон бизнесийн үйл ажиллагааг тусад нь биеийг нь даалгаж явуулах ёстой гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр үүнийг иргэний нисэхийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны дараа хийх бүрэн боломжтой. Бид ч саналаа явуулсан. Бүтцийн өөрчлөлт оруулахад хамгийн хүндрэлтэй асуудал нь ерөөсөө л байгууллагын санхүүжилтийн асуудал. Санхүүжилт нь олон улсын нислэгээс 80 хувь нь орж ирдэг, бусад 20 хувь нь үйл ажиллагаанаас бий болж байдаг ийм онцлогтой. Тэгэхээр тэр 80 хувийн орлого олдог байгууллагыг тусад нь гаргачих юм бол бусад нь яах вэ. Орон нутгийн нисэх буудлууд, агентлагынханы ажил төдийлөн сайжрахгүй байх магадлалтай.
Яагаад гэхээр нисэхийн аюулгүй ажиллагаа гэдэг бол ерөөсөө хүний ухамсар мэргэжлийн ур чадвар дээр тогтдог зүйл. Иймд аюулгүй ажиллагааны ажилтнууд, нэгдүгээрт, өндөр мэргэжилтэй байх ёстой. Хоёрт, урт удаан хугацаанд ажилласан туршлагатай байх ётой. Мөн боломжийн хэмжээний цалин хангамжтай байх ёстой. Тэгэхээр иргэний нисэхийн салбар Монголд ч гадаадад ч ерөнхийдөө биеэ даасан хэмжээнд үйл ажиллагаа явуулж байдаг. Иргэний нисэхийн салбарыг ерөнхийд нь үзэх юм бол гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадаас импортоор орж ирсэн шахуу салбар гэж хэлж болно. Яагаад гэхээр бид өнөөдөр онгоц, онгоцны тоног төхөөрөмж үйлдвэрлэхгүй хүн сургахгүй, дүрэм журам нь ОУ-ын стандарт. Өнөөдөр Монголчууд л ажиллаж байгаа болохоос биш бүх орчин дандаа ОУ-ын стандартынх байгаа. Иргэний нисэхийн салбарыг бусад салбаруудтай хамаагүй харьцуулж болохгүй гэж үздэг. Хэрвээ ингэж харьцуулбал аюулгүй ажиллагааны түвшин алдагдана, ОУ-ын хэмжээнээсээ буурна.
- Бүтцийн өөрчлөлтөө та жаахан тодруулж болох уу? Тийм ч амар шийдэгдэх ажил биш байх?
- Өнөөдөр аюулгүй ажиллагааны байдал бол бусад орныхоос 10-15 жилээр хоцорсон нэлээн доогуур байгаа. Тэгэхээр бид нар энэ ойлголтыг нь сайжруулах, хоцрогдлыг арилгах тал дээр дорвитой арга хэмжээ явуулна. Тоног төхөөрөмж авна гэдэг том асуудал биш. Тэр тоног төхөөрөмжийг яаж ажиллуулах вэ, аюулгүй ажиллагааг яаж хангах вэ гэдэг ерөөсөө л хүиий хандлага, ухамсар дээр тогтоно. Иргэний нисэхийн салбарыг монголчлох гээд байх хэрэггүй.
Өнөөдөр ямар ойлголт байна гэхээр ИНЕГ-ыг хоёр хуваагаад нэг нь улсын агентлаг, нөгөөх нь үйлдвэрийн газар байна гэсэн ойлголт байгаа. Би ч үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ санхүүжилтийг нь өөрөөр шийдэх ёстой. ИНЕГ-ын байцаагч нарын санхүүжилтийг төсвөөс авдаг, төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол энд байцаагчаар ажиллах хүн олдохгүй. Өнөөдөр нисэхийн ажилчид гадаадад ажиллах зах зээлтэй байна. Дотоодод ч тэр. Тэгэхээр бид сайн нисгэгч, инженер олж ажиллуулахгүй бол ямар хүнээр бусдыг нь хянуулах вэ? ИНЕГ гэдэг агентлаг бол ИЗИНИС, Аэро Монголиа, МИАТ зэрэг энэ авиа компаниудын аюулгүй ажиллагааг хангах тэр хяналтыг төрийн өмнөөс тавьдаг юм. Тэгэхээр тэр компаниудад ажиллаж байгаа хүмүүсээс илүү туршлага чадвартай, илүү мэргэжилтэй хүнийг ажиллуулах хэрэгтэй.
Тэгэхийн тулд илүү биш юм гэхэд ядаж боломжийн хэмжээний цалин хангамж өгөх ёстой. Энэ цалин хангамжийг өгдөг байдлаар санхүүжилтийг нь шийдэхгүй бол өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол бид засаглалын хямралд орно. Аюулгүй ажиллагааны хяналтын хямралд орно. Тэгэхээр бид алдааг хийчихээд дараа нь засах шаардлага байхгүй. Би уулзсан хүн болгондоо, дээд байгууллагууддаа энэ тухай танилцуулж байгаа. Иргэний нисэхийн салбарын бүтцийн өөрчлөлтийг тэгж хялбарханаар төсөөлж хийж болохгүй ээ. Иргэний нисэхийн салбарын өөрчлөлтийг эхлээд судлая. Судалгаан дээрээ үндэслээд санал боловсруулъя.
Саналаа засгийн газарт оруулъя. Их хуралд оруулж батлуулъя. Тэр саналынхаа дагуу хуулиндаа өөрчлөлт оруулчихъя.Засгийн газраас нь тогтоол гаргахаар бутцийг аажим аажмаар хийе ээ. Тэгэхгүйгээр өнөөдөр ерөөсөө л хуваах ёстой гээд 2 хуваачих юм бол засаглалын гүн хямралд орно.
Энэ их хэл амтай, аюулгүй ажиллагаанд маш мэдрэмтгий салбарыг тэгж хялбархнаар бүтцийн өөрчлөлтөнд оруулж болохгүй л гэж бид үзээд байгаа. Яагаад гэхээр 1993 онд МИАТ компани, Иргэний агаарын тээврийн удирдах газар хоёр салж байсан. Хоёулаа боломжийн орлоготой байгууллагыг салгахад 1997 он хүртэл энэ 2 байгууллага нийлэх ёстой, Монгол жижиг улс, заавал ОУ-ын стандарт, хэв загварыг дагах хэрэггүй, бид үүнийг нийлүүлэх ёстой гэдэг тийм үзэл бодолтой маш олон хүн байсан. Тэгээд сайдын зөвлөл дээр хүртэл асуудал олон удаа хүрч байсан. Тэгэхээр ийм асуудлыг бид нар амьдрал дээр туулж байсан учраас энэ 2 байгууллагыг зүгээр л салгачих юм бол эргээд нийлнэ. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа эргээд нийлэх юм бол бүтцийн өөрчлөлтөнд орох гэж өшөө 10 жил алдана. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа бодлоготойгоор, төлөвлөгөөтэйгөөр, судалгаатайгаар оруулах ёстой. Ингэж оруулахгүй бол өнөөгийн энэ хэрүүл маргаан салахгүй ээ. Яагаад гэхээр мэргэжлийн хүмүүсийн амбиц, ашиг сонирхол өөр.
- Та цалин хөлс гэж түрүүн дурьдсан. Энэ салбарын нийгмийн ахуй хангамж боломжийн гэж яригддаг? - Дарга гэдэг чамгүй их нийгмийн асуудлыг шийддэг үүрэгтэй юм байна. Хүүхдээ сургах асуудал, орон сууц авах, тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэмж байна. Тэгэхээр миний хувьд энэ их нийгмийн асуудлуудыг цэгцлэх ёстой. Цэгцлэх зорилт байгаа. Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Зорилт нь бид бусад улс орны байгуулсан ардчилал, зах зээлийн системээр явж байна. Бидэнд эхлээд юу хэрэгтэй байна гэхээр зах зээлийн харилцаанд орсон байгууллагуудад ямар зах зээлийн харилцааг бий болгосон бэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Судлахад, жишээ нь, баруунд байгууллагын тэтгэврийн сан гээд тогтсон систем байдаг юм байна. Энэ нь ажилчин өөрөө ч, байгууллага нь ч мөнгө оруулж хуримтлал үүсгэдэг. 60 нас хүрээд тэтгэвэрт гарлаа улсаас ч, байгууллагаас ч тэтгэвэр авна гэсэн үг. Эргээд байгууллагынхаа тухайн үеийн удирдлагаас мөнгө гуйгаад явах шаардлага байхгүй. Систем нь тогтоогоод өгчихсөн.
Тэгэхээр бид энэ системийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. 2-рт өнөөдөр Монголд янз бүрийн өвчлөл их байна. Үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Маш олон хүмүүс ийм байдалд орж байна. Тэр хүмүүсээс гадна хамт ажйллаж байгаа хүмүүс нь ч стресс, хямралд орж байна. Тэгэхээр энэ аюулгүй ажиллагаатай холбоотой ийм салбарт стресст орсон, өвчтэй хүн ажиллах ёсгүй ээ. Ийм хүн ажиллуулахгуйн тулд яах ёстой вэ гэвэл өнөөгийн системийг өөрчлөх шаардлага байна. Яагаад гэхээр дарга даргын хажууд байдаг хүмүүсийн үзэмжээр шийдэж байна. Үүнд л хүмүүс дургүйцдэг. Үүнээс бид салах ёстой.
Эрүул мэндийн даатгалын системийг хэрэглэх хэрэгтэй. Барууны систем бол гайхалтай. Улс даатгалын системийг бий болгочихсон. Байгууллага бас бий болгох ёстой юм байна. Баруунд хүн болгон Улсын, байгууллагын гэж 2 даатгалтай байдаг. Тэгэхээр би энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалын систем бий болгоё гэж боддог. Ажилчин, байгууллага хоёр мөнгө оруулснаар сан үүсч эмчилгээ хийлгэхэд даргаас гуйхгүй шүү дээ. Өнөөдрийн систем бол удирдлага даргаас зөвшөөрөл тусламж гуйдаг систем. Даргын найз, даргад талтай хүн шийдүүлж чадна гэсэн тэгш бус систем үүсээд байна. Тэгээд түүгээрээ харддаг. Намайг ч адилхан үзэмжээрээ шийднэ гэж ойлгоод хардаад байна л даа.
Би нийгмийн халамжийн асуудлыг шийддэг систем бүрдүүлэхийг зорилго болгож байна. Нисэхээс тэтгэвэрт гарсан хүмүүстээ бид жилдээ 300-аад сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэр мөнгө нь тэгш хуваарилагддаггүй. Хэн өргөдөл бичиж гүйнэ тэр хүн тэтгэмж авч байна. Тэгэхээр бид тэгш үйлчилдэг системийг бүрдүүлье гэж бодож байгаа. Тэр систем нь жилд зарцуулж байгаа 300 сая төгрөгийг 450 ахмаддаа хуваагаад сар болгон картанд нь оруулдаг ч юм уу тийм тэгш хуваарилалтыг бий болгоё. Ингэсэн тохиолдолд ахмадууд над руу ярьж, өргөдөл бичиж тэтгэмж, гуйх шаардлагагүй. ИНЕГ-ын дарга гэж нэг их эрх мэдэлтэй хүн хүний асуудлыг хуйвалдан шийдээд байгаа юм шиг баймааргүй байна. Тэгэхээр энэ бүх хардлага сэрдлэг, дайралт арилна. Нийгмийн халамжийн асуудлаас бусад нь байгууллагын мэргэжлийн ажил байгаа. Мэргэжлийн ажлаа хийдэг дарга больё гэж зүтгэдэг хүмүүс цөөхөн байгаа гэж боддог.
- Та салбараа мэддэг төдийгүй, бас амьдрал мэддэг хун шиг ярьж байна. Дутагдал гачигдал гээд янз янзын асуудал орж ирнэ, тэрийг дагаад гомдол тэмцэл ч бишгүй байх?
- Миний явсан зам шударга. Хүнд хэлэх үгээ хэлчихдэг, юмыг бодохдоо дандаа анализ хийдэг. Уншиж судалдаг. Би агаарын тээврийн талаар номоо гаргасан. Ер нь нисэхэд онолын ганц л тийм ном байгаа байх. Одоо аюулгүй байдлын талаарх хоёр дахь номоо гаргахаар бэлтгээд байгаа. Би мэдлэг дээр суурилсан менежмэнт явуулахыг л хүсдэг. Энэ албан тушаал дээр ирчихээд өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг бий болгоод, мөнгөтэй болох өчүүхэн ч санаархал байхгүй. Мөнгө гэдэг чинь ордог, гардаг. Зохимжгүй мөнгө орж ирвэл зохимжгүй байдлаар л гарна. Эсвэл өвдөж хавдана. Тэр мөнгө нь тэгээд л гараад явчихна. Золгүй байдалд орно. Би үүнийг олон хүмүүсийн амьдралаас харж дүгнэж байдаг. "Бурхны сургааль" номыг их уншдаг. Тэнд хүний амьдралыг их гоё гаргасан байдаг. Баян хүн, ядуу хүн амьдралын төгсгөлд. очихоороо ялгаагүй адилхан л явна. Аз жаргал гэж юу юм бэ? Хүн болгонд төсөөлөл нь өөр. Гэхдээ миний хувьд аз жаргал гэдэг хүн өөрөө сэтгэл хангалуун байх ёстой.
Хүнд тусалж дэмждэг байх хэрэгтэй. 60 нас хүрчихээд эргээд 5 хүний амьдралыг сайхан тэгш аваад явчихсан бол би 180 жил амьдарсан юм шиг сэтгэл ханана. Хүний амьдрал ийм л зүйлээр хэмжигдэнэ үү гэхээс өнөөдрийн мөнгө, албан тушаалаар хэмжигдэхгүй .
- Далай ламын сургаальд "Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн харахын цагт дахин амьдарсан мэт сэтгэл ханах болно" гэдэг байх аа? - Тийм. Яг л тэр сургаалиар явдаг. Бас далай багш "Би хүний нууцыг хадгалж өөртөө стресс авахыг хүсдэггүй хүн шүү" гэж хэлсэн байдаг. Үнэхээр өдөр тутмын ажилд маань нэг нь орж ирээд нууц гээд л аймаар их юм ярина. Би шаналаад л үнэхээр тийм байх гэж бодно. Амьдрал дээр шал өөр байж болно. Одоо бол энэ байгууллага дотор надад орж ирээд "Тэр хүн муу" гээд л хов ярьдаг хүн байхгүй. Тэрнээс нисэх ангижирч байна. Би сонсохгүй байгаа учраас доод хүмүүст тийм хов яригдахгүй байгаа байх. Манай хүмүүс хэлдэг л дээ. "Дарга аа та өөрөө хов сонсохгүй гэсэн болохоор хамаагүй юм ярьж чадахгүй байна л даа" гэдэг.
Хамгийн гол нь эргээд буух эзэнтэй таны нэр гарахад хамаагүй бол надад ярьж болно. Бусдаар би таны ярьсныг дотроо дүгнэсэн хэвээр байна гэж байхгүй ээ. Би тэр муулсан хүнийг чинь дуудаад "Тэр хүн чиний талаар ингэж хэллээ. Үнэн үү, худлаа юу. Тэрийгээ нотол" гэнэ гэж анхнаасаа мэдэгдсэн. Тэгэхээр энэ салбарт хов жив гайгүй болж байна. Дарга бол байгууллагын тал гэж ярьдаг. Өөрийгөө энэ байгууллагын тал гэж бодож байгаа. Тэгэхээр би аль болох нээлттэй, хүмүүстэй илэн далангүй зөвөлгөө өгч, авдаг.
- Салбар өөрөө яалт ч үгүй мэргэжпийн ур чадвар шаарддаг ажил. Та энэ салбартай хичнээн жил амь амьдралаа холбоод явж байна вэ?
- Би энэ салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ салбартай амьдралаа холбоод 28 жил болж байна. Бидний үед сайхан байлаа. Би Говь-Алтайн Баян-Уул сумын 10 жилийг төгссөн. Сумынхаа сургуульд элсэлтийн шалгалтанд хоёрт орж байсан. Аймагтаа дөрөвт орж байсан. Тэгээд конкурст өрсөлдөөд нисэхийн холбооны хуваарийг авсан. Би заавал нисэхийн хүн болно гэж бодож зорилго болгоогүй байсан. Гэхдээ л хувь заяаны эрхээр 18 настай байхаасаа л нисэхтэй холбогдсон гэсэн үг.
- Салбар нь өөрөө хүнийг бас их төлөвшүүлдэг байх? - Тийм. Нисэхийнхэн арай л өөр гэж манай найз нар ярьдаг. Яагаад гэхээр гарахдаа хүртэл чийдэн, индүү бүх юмаа салгасан уу үгүй юу гэж аюулгүй талаасаа дахин давтан шалгадаг. Нөгөө бодлын их ядаргаатай ч юм шиг. Ер нь цалин гэдэг миний ойлгож байгаагаар хүний эрүүл мэндийг төдий хэмжээгээр худалдаж авч байгаа гэсэн ойлголт. Бид хүний төлөө ажиллаж байна. Ингэсний төлөө цалин авч байна. Бие эрүүл мэнддээ хэдий хэмжээгээр зарцуулж байна тэр хэмжээгээр цалин авч байна. Энэ нь нисэхийн мэргэжлийн хүмүүс дээр их сайн ялгарч гарч ирдэг юм. Нислэгийн удирдагч, нисгэгч гээд нарийн мэргэжлийн хүмүүс хязгаарлагдмал орчин, цаг хугацаанд шийдвэр гаргаж ажиллах ёстой. Ерөөсөө хэдхэн секундээр үнэлэгдэнэ. Тэр хүмүүс маш их стресст ажилладаг ч дундаж цалин авдаг.
Миний цалингаас даруй 2-3 дахин өндөр цалин авч байгаа. Тэгэхээр тэр хүмүүст яагаад илүү цалин өгч байна гэхээр байгууллага та нарын эрүүл мэндийг илүү их ашиглаж байгаа шүү. Чи энэ мөнгөөр өөрийнхөө биеийг нөхөн сэргээж стрессээ тайлах ёстой шүү гэдэг байдлаар өгч байгаа. Бусдаар Монголд ийм өндөр цалинтай хүн амьдарна, бага цалинтай нь амьдрахгүй гэсэн ойлголт биш. Үүнийг манайхан буруу ойлгоод өндөр цалинтай их сайхан ажил гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ тэр ажил чинь тэр хүний эрүүл мэндийг асар их авдаг. 450 ахмад дунд гэхэд нарийн мэргэжлийнх нь 10-аад л хүн байх жишээтэй.
- Таны өрөөний цонхоор Богд уул цайгаад харагддаг юм байна. Та ч түрүүн ярилаа. Хариуцсан ажил маань нэлээн нерв, стресст оруулдаг гэж. Энэ бүхнээс яаж сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж гардаг вэ? - Ерөнхийдөө би аливааг дандаа цагаан талаас нь хардаг. Хүнтэй асуудлыг ярихдаа дандаа эерэгээр хардаг. Одоо миний тухай зарим нэг асуудал хэвлэлд гардаг. Яахав. Миний гэнэн цагаан сэтгэлээс болж байна. Би ерөөсөө хүн намайг муугаар хэлнэ гэж боддоггүй. Хүнтэй уулзаад инээгээд л яриад гардаг. Өөөрийнхөө амьдралын хэв маягийг стрессээс холуур авч явахыг хичээдэг.
- Та ч нэлээн эртэч хүн юм байна. Арга ч үгүй байх. Шөнө утсаа салгахгүй юу?
- Утас салгахгүй. Гэхдээ шөнө над руу хүмүүс утасдаад байдаггүй юм. Яагаад гэхээр хүн өөрөө өөрийнхөө талхыг л идэх ёстой. Талх гэдэг маань манайх 24 цагаар ажиллуулж байна. Тэр хүмүүс 24 цаг дарга байхгүй үед даргын эрх мэдэлтэйгээр ажлаа явуулж байгаа гэсэн үг. Шөнө болгон утасдаад заавар зөвөлгөө аваад байвал энэ хүн чинь амьдарч чадахгүй болно.
Тэгэхээр би ажилчиддаа нэг л шаардлага тавьж байгаа. Ерөөсөө өглөө 8 цагтаа ирж ажлаа яг цагт нь амжуул гэдэг. Орой 9,10 цаг хүргэлээ гээд маргааш нь ажлын үр бүтээл гарахгүй. Үүнээс өөр хэлбэрээр ажиллах хүсэлтэй хүмүүс бичгээр саналаа өгч болно. Захиргаанаас тэр саналыг нь дэмжье гэж хэлдэг. Уян хатан байдлаар хүмүүсийг ажиллуулах чиглэлдэр л ажиллаж байгаа.
- Таны амьдралын философи хүн өөрөө л зөв байх юм бол ёстой негөө гэсэн зарчимтай гэж ойлголоо? - Ерөөсөө л би тийм л замаар явдаг. Аль болох цагаан сэтгэлээр хандах. Хүмүүсийг зөв замд нь ороход нь туслах, тэгээд ном бичнээ гэдэг чинь өөрийнхөө мэддэг чаддагийг хүмүүст хүргэх гээд байна. Түүн дээрээ түшиглээд би мэргэжлээрээ 5 дахь жилдээ багшилж байна.
Нас залуу боловсон хүчнүүдийг сургахыг хүсдэг. Номон дээрээ түшиглээд Австралид мастерын зэрэг хамгаалсан. Барууны сургалт хүнийг ерөөсөө хүнийг хүссэн хүсээгүй хэлбэржүүлж байдаг. Жишээлэхэд баруунд мастер хамгаалсан хүнтэй ярихад ойлголцоход маш хялбархан. Угаасаа тэр барууны сургалт чинь хүнийг нэг хэвэнд цутгаад гаргасан юм шиг байдаг. Тэгэхээр би баруунд мастерын зэрэг хамгаалах, дахин суралцах, хүмүүсийг маш их дэмжиж байгаа. Одоогоор 2 хүн манай санхүүжилтээр нэг нь Австралид алсын зайгаар сурч байна. Нөгөөх нь Францад сурч байгаа. Өшөө олон хүмүүсийг бид явуулъя гэж бодож уриалга гаргасан байгаа. Харамсалтай нь барууны сургуульд тэнцээд бүртгэлийн хуудсаа авбал дэмжье гэж байгаа ч тийм хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Нарийн мэргэжлийн хүмүүстэй бид ярьж байна. Яагаад гэхээр бидний өнөөдрийн ихэнх сургууль жишээлэхэд инженер онгоц яаж засах вэ гэдгийг заагаад байгаа. Онгоц засахад 10 хүн ажилладаг юм. Тэр 10 хүнийг яаж удирдан зохион байгуулах вэ гэдгийг тэр хүмүүст заахгүй байгаа. Тэгэхээр тэр 10 хүнийг хэн нэг нь удирдаж л таарна. Тэр мэргэжпийн хүмүүсийг хүн яаж удирдах вэ гэдэг сургалт явуулах ёстой. Тэр сургалтыг ажиллаж байгаа хүмүусээсээ, дотроосоо сургах ёстой гэж боддог. Тэр сургалтыг яаж явуулах вэ гэхээр өнөөдөр алсын зайнаас явуулж болно, очоод сурч болно. Ер нь тийм сургалтанд бид цаг хугацаа, хөрөнгө Мөнгө зарцуулах ёстой.
- Таны дээр салбар хариуцсан сайд гэж байна. Ямар хэмжээнд ойлголцож байна? - Салбарынхаа сайдтай би ажил албаны энгийн харилцаатай. Сайд 7 хоног тутам шуурхай явуулж, өөрөө сууж цагаа зарцуулдаг. Бидэнтэй ойлголцож, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авахыг зорьдог сайдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэгэхээр сайд энэ байгууллагын талаар бүрэн мэдээлэлтэй яваа гэж ойлгодог. Сайдад өөрийн санал зорилго, аюулгүй ажиллагааг яаж сайжруулж болох вэ гэдэг чиглэлээр мэдээлэл сайн өгч байгаа. Сайд ч намайг ойлгож ажиллаж байгаа гэж бодож байна.
- Танд баярлалаа. Амжилт хүсье.
"Монголын нэг өдөр". №-41
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment