ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагч, нисгэгч Т.Бэхбат Монгол улсын гавьяат нисгэгч цол хүртлээ. Т.Бэхбат монголын иргэний нисэхийн салбарт жирийн нисэгчээс агаарын хөлгийн дарга, багш нисэгч, шалган нисэгч хүртэл, тус улсад ашиглагдаж байсан болон одоо ч ашиглагдаж байгаа бүх төрлийн агаарын хөлгөөр тасралтгүй 37 жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа, мэргэжлийн өндөр боловсрол, ур чадварыг эзэмшсэн, нислэгийн онцгой тохиолдлын үед нисэх багийн даргын шийдвэрийг түргэн шуурхай гаргах ур чадвар, нисэх баг, хамт олныг зохион байгуулах, удирдах арга барил, дадал чадварыг эзэмшсэн, асуудалд зарчимч, шударга байр сууринаас ханддаг, олон жилийн арвин их туршлага хуримтлуулсан, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шилдэг, ахмад нисэгчийн нэг юм.
Т.Бэхбат Монгол Улсад ашиглагдаж байсан болон одоо ч ашиглагдаж байгаа Ан-2, Ан-24, Ан-26, Ту-154 “Б”, Ту-154 “М”, Боинг-727-200, 737-800 маягийн агаарын хөлгүүдээр агаарт нийтдээ 16500 цагийн нислэг үйлдэж, 8 805 355 км-ийн зорчигч, ачаа, шуудан, тээш тээвэрлэлтийн үүргийг осол аюулгүй гүйцэтгэж, 10658 удаагийн хөөрөлт буулт үйлдсэн, монголын бахархал болсон, ахмад үеийн алдар цуутай нисэгчдийн буухиаг нэр төртэй залгамжлан гадаад, дотоодын олон арван мянган зорчигч, үйлчлүүлэгчид, төрийн дээд өндөрлөгүүдээс талархал хүлээж байгууллагын удирдах ажилтны болон нислэг, тээвэрлэлтийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ залуу үеийн сургаж дадлагажуулах, хянаж шалгах, эрх зүйн шинэтгэл хийх ажилд бие сэтгэл, ажил үйлсээ зориулж байгаа иргэний нисэхийн салбарын бахархал болсон ахмад нисэгч юм.
Монгол Улсын эрхэм хүндэт цолоор шагнагдсан Т.Бэхбат ахдаа нийт салбарын залуучуудынхаа өмнөөс баярын мэнд хүргэж, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо