- Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр тодорхой тооны хүүхдийг гадаадад сургуульд явуулдаг. Гэтэл үүнд ихэвчлэн тус газрын дарга нарын хүүхэд л хамрагддаг хэмээн хүмүүс бухимддаг. Энэ хэр үнэний хувьтай асуудал вэ?
- Иргэний нисэхийн байгууллагаас жил бүр 10 хүүхдийн сургалтын зардлыг бүрэн дааж, сургадаг байсан. Энэ зардалд нийтдээ 200 гаруй сая төгрөг төсөвлөгддөг, ихэвчлэн дарга нарын хүүхдүүд суралцдаг байлаа. Үүнийг би зогсоосон. Учир нь манайх нисэхийн мэргэжлээр хүүхдүүд сургаж болно, гэхдээ сонгон шалгаруулалт явуулж, шударгаар өрсөлдүүлж, арын хаалганы биш, үнэхээр энэ мэргэжлийг эзэмшихийг хүсч байгаа залуусыг сургах ёстой. Тэгэхгүй бол нисэхийн дарга нарын хэдэн хүүхэд л төрийн зардлаар сургуульд сураад байж болохгүй.
- Иргэний нисэхийн дарга нар бүгдээрээ албаны машин унадаг. Харин та дарга болоод нэлээд хязгаарласан гэж сонссон?
- Иргэний нисэхийн ерөнхий газарт 18 дарга байгууллагын машин унадаг байлаа. Үүнийг цөөлж, дөрөв болгосон. Ингэснээр дарга нар ажил дээрээ тогтдог болж, жилийн зардлаас 75 орчим сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Мөн бүтээн босголт, хөрөнгө оруулалтын ажил тодорхойгүй, зарлагдсан тендер бүрхэг явдаг байсан. Энэ байдлыг зогсоосноор багагүй хэмнэлтийг хийгээд байна. Тухайлбал, Дорнодын нисэх буудлын засварын тендер байна. Энэ засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөсөн байсан. Тиймээс энэ тендерийг зогсоосон.
Учир нь нисэх буудлын засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөнө гэдэг дэндсэн хэрэг. Энэ мөнгөөр 2-3 давхар хаус барих боломжтой. Нисэх буудлын өнгийг засах засварт ийм хэмжээний хөрөнгө төсөвлөнө гэдэг хэтэрсэн зүйл. Ингээд тендерийг зогсоож, аймгийн нисэхийн даргаас энэ засварын ажлыг өөрсдийн хүчээр хийх боломж бий эсэхийг тодруулсан. Аймгийн нисэхийн дарга энэ засварыг хийхэд нийт зардал 14.5 сая төгрөг болохыг төсөвлөж гаргасан. Тэр нисэхийн ажилчид хийчих болохоор ажлын хөлсөнд илүү мөнгө төсөвлөх хэрэггүй гэсэн. Бид ярилцаад, ажлын хөлс, бусад зардалд гурван сая төгрөг нэмж олгохыг санал болголоо. Харин аймгийн нисэхийн дарга дахин тооцож үзээд 1.5 сая төгрөг байхад болно гэсэн. Ингээд 75 сая төгрөгөөр төсөвлөгдсөн Дорнодын нисэхийн засвар 16 сая төгрөгт багтсан.
- Ингэхэд та 60 орчим сая төгрөг хэмнэсэн засварын ажлыг очиж үзсэн үү. Таныг өнгөрсөн долоо хоногт Дорнод явсан гэж сонссон юм байна? - Үзсэн. Дорнодын нисэх буудлын засварын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Боломжийн хэмжээнд хийсэн байна гэж дүгнэж байгаа. Ер нь энэ байдлаас болон сүүлийн үед ялангуяа, төрийн байгууллагууд тендер зарлахын өвчин тусаа юу гэж бодох болсон. Болсон, болоогүй тендер зарлаж, нэг хэсэг хүмүүс завшдаг. Нүд хуураад нэг их ажил хийсэн мэт харагдуулдаг муу зантай болчихож. Үүнийг бага гэлтгүй арилгах ёстой бодож байна. Төсөв хэмнэх, ялангуяа тендер зарладаг өвчинг арилгахаар ажиллаж байна.
- Тендер зарладаг өвчин газар авсан гэж та хэллээ. Тэгвэл энэ байдлыг гэнэт өөрчлөх нь зарим хүмүүст таалагдахгүй байж болох юм. Ингэж хэлэх болсон нь сүүлийн үед та хэвлэлээр байнга бичигдэх болсонтой холбоотой юм л даа? - Тендер явуулахгүй болохоор дургүйцэх хүн цөөнгүй гарч байна. Тийм хүмүүс намайг элдвээр хэлж, хэвлэлээр захиалгаар бичүүлж байгааг би мэднэ. Цөөн хүн юу гэж ярих нь хамаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газар төсөв, хөрөнгөө зохистой зарцуулах нь чухал. Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн зардал ялгаагүй манай данснаас гарах учраас зөв хэмнэлтийг хийх ёстой. Хэнтийн нисэх буудлын засварын ажилд 25 сая төгрөгийг төсөвлөсөн байсан. Харин үүнийг нь өөрсдийнх нь хүчээр хийлгэхэд найман сая төгрөг зарцуулж байгаа юм.
Мөн Өвөрхангайн нисэхийн ажилтнууд байшингийнхаа халаалтад 12 сая төгрөг төсөвлөсөн байсан. Судлаад үзэхэд, нүүрс худалдаж авахаас илүү цахилгаан халаалт тавих нь хамаагүй хямд зардалтай болохыг нь тогтоосон. Ингээд аймгийн нисэхийн өрөө болгонд цахилгаан халаалтыг суурилуулснаар зургаан сая төгрөг хэмнэлээ. Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед төрийн байгууллагаас тендер нэрээр мөнгө завших хүмүүс нэмэгдэх болсноос үүдэлтэй. Энэ байдал ч манайд байсан. Миний хувьд үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс тендер нэрээр мөнгө хождог хэсэг хүмүүсийн үйл ажиллагааг энэ мэтээр таслан зогсоож байна.
- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал багагүй эрх мэдэлтэй. Тиймээс энэ суудалд суухыг хүсдэг хүмүүс их байдаг гэж сонссон. Энэ үнэн үү? - 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 2000 гаруй ажилтантай томоохон байгууллага болохоор олон хүний анхаарлыг татдаг байх. Тиймээс таны хэлсэн үг үнэний хувьтай. Нэг хэсэг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга үүрэг хүлээх биш эрх мэдэлтэй нэгэн байсан. Тиймээс энэ байдалд би өөрчлөлт хийхийг хүсч байна. Учир нь дарга гэж эрх мэдэл, ямба эдлэхээс илүү ажилтнуудынхаа өмнөөс үүрэг хүлээх ёстой. Нэг үгээр хэлбэл, дээрээс тушаал өгч, эрх эдлэхээс илүү, ажилтан, ажилчдынхаа өмнөөс үүрэг хүлээх учиртай. Энэ хүрээнд хамгийн эхэлж, Иргэний нисэхийн еренхий газрын ажилтнуудын нийгмийн, эрүүл мэндийн даатгалын асуудлыг анхааралдаа авч, ажиллаж байна. Хүнийг өвчин, зовлон тойрохгүй дайрдаг. Тэгээд ч сүүлийн үед монголчууд маш үнэтэй эмчилгээг гадаадын улс орнууд руу явж хийлгэдэг болсон. Төрийн албан хаагч гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхэд 70 хувийг нь байгууллагаас гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд дарга нарыг таньдаг, түүний эргэн тойронд байдаг хүмүүс энэ төрлийн хангамж эзэлдэг байсан. Тиймээс төрөөс олгож байгаа халамж, хангамжийг төрийн албан хаагч ижил хэмжээнд хүртэх боломжийг хамгийн түрүүнд хангахад миний ажил чиглэж байна. Энэ хүрээнд Иргэний нисэхийн еренхий газарт хувь хүний нийгмийн халамжийн тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулан ажиллана.
- Хувь хүний нийгмийн халамж гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу? - Даргын эрх мэдлийг үүрэг болгон хувиргаж, хувь хүний нийгмийн даатгалын системийг бүрдүүлэх ёстой. Энэ системийг би нэлээд судалж байна. Манайд маш чухал. Тухайлбал, нисгэгчийн бие өвдсөн бол нислэгтээ гарах боломжгүй. Харин нислэгтээ гарахгүй бол тэр хүн цалин авахгүй. Тиймээс цалин авахын тулд өвчтэй ч гэсэн тухайн нисгэгч нислэгтээ гарч байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Тиймээс нисгэгчдийг амь насны даатгалд хамруулах ёстой. Хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа хоёр ажил байна. Үүнд, байгууллагын тэтгэврийн системийг бий болгох. Баруунд ямар ч байгууллагад ажиллаж байсан хамаарахгүйгээр хоёр тэтгэмжид хамрагддаг юм байна. Нэг нь улсын тэтгэмж. Энэ нь улсад ажил хийж байсан эсэхийг хамаарахгүйгээр насны эцэст хамрагддаг тэтгэмж. Нөгөөх нь байгууллагын тэтгэмж. Манайд улсын тэтгэмж байдаг. Харин байгууллагын тэтгэмж байхгүй. Тиймээс энэ тэтгэмжийг үүсгэх цаг болсон.
- Ингэхэд Иргэний нисэхийн ерөнхий газраас ахмадууддаа жилд хэчнээн төгрөгийн тэтгэмж үзүүлдэг вэ? - Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр ахмадуудын тэтгэмжид 400 сая төгрөг зарцуулдаг. Амралт, орон байр, бусад хангамж, тэтгэмжид энэ хөрөнгө зарцуулагддаг. Эхнээсээ ийм систем үйлчлээд, сүүлдээ хэвшил болчихсон. Гэтэл тэдгээр ахмадын хувьд энэ байгууллагад хийдгээ хийгээд, авдагаа авсан хүмүүс. Тиймээс энэ хөрөнгийг одоо ажиллаж байгаа хүмүүстээ зөв зарцуулах ёстой. Ингээд өөрчлөлт хийе гэхэд эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчных нь хүрээнд бага зэрэг өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Энэ нь хүрээнд ахмадуудынхаа нэр дээр данс нээж, сар бүр дансанд нь мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ямар нэгэн баяр ёслол, өвчин зовлон тоочиж, тусламж гуйдаг байдал арилах байх гэж бодож байна. Нөгөө талаар тэгш хувиарлалтын систем бий болгож байгаа юм. Учир нь өнөөдөр хэн өргөдөл бичиж, дарга даамлаар хөөцөлдөж байна тэр хүссэн авдаг, чимээгүй болох байлгүй гээд суугаад байдаг хүмүүст нь юу ч оногдохгүй өнгөрдөг. Тэгсэн атлаа ахмадууд гэсэн нэрийн доор бүх л хүмүүс хамрагдаад байгаа юм шиг ажиглагдаад байдаг. Энэ байдлыг тэгш хувиарлалтын системээр өөрчлөхөөр ажиллаж байна.
- Ингэхэд монгол нисгэгчдийн дундаж нас хэд байдаг вэ?
- 45-48. Социализмын үед сургууль төгссөн нисгэгчид өнөөдөр ажиллаж байна. Нисгэгчийн гол шалгуур туршлага байх ёстой. Гэтэл туршлагатай нисгэгчийг ажилд авахад маш цөөхен жил ажиллаад л тэтгэвэртээ гарах болдог.
- Яагаад. Нисгэгчийн сургуульд залуусыг явуулж, сургах ёстой юм биш үү. Иргэний нисэхийн ерөнхий газраас зардлыг нь дааж сургаад байдаг. Дарга нарын хүүхдүүд нисгэгчийн мэргэжилд дургүй гэж үү? - Зардал өндөр. Нэг хүүхдийг сургахад 200 гаруй мянган ам.доллар болно. Харин манайхаас зардлыг нь дааж сургаж байсан хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хямдхан зардалтай инженер, техникийн мэргэжлээр сурч байсан. Нисгэгч гэдэг машин барихаас эрс өөр. Учир нь нисгэгчийн хамгийн чухал зүйл туршлага, мэдлэг. Жижиг онгоцноос, том онгоц руу шилжиж, мэргэших ёстой.
Түүнээс сургуулийг нь төгссөн гээд л шууд том онгоц жолоодно гэж байхгүй. Ийм болохоор нисгэгчийн сургууль төгсөөд хамгийн эхлээд 10 дараа нь 35 зорчигчтой онгоц жолоодно гэх мэтээр шат дараалалтай. Харин сүүлийн үед нисгэгчийн сургууль төгсч ирсэн залуусын хувьд дөнгөж 10 зорчигч тээвэрлэх онгоц жолоодох эрхтэй хүмүүс байдаг. Өмнө манай нисгэгчид гэхэд л эхлээд АН-2, дараа нь АН-24, тэгээд ТУ, түүний дараа том онгоц жолооддог байсан. Гэтэл одоо дандаа хувийн компаниуд болчихсон. Тиймээс жижиг, дунд, том онгоцтойгоороо өөр, өөр компани болчихсон болохоор бусад компанийнхаа нисгэгчийг өөрсдийн онгоц дээр туршлагажуулахыг хүсэхгүй байна. Аргагүй шүү дээ, өнөөдөр манайд энэ бүхнийг зохицуулах систем нь бүрдээгүй.
Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэд нисгэгчийн сургууль байгуулж болдоггүй юм уу. Гаалийн ерөнхий газар гэхэд дэргэдээ Гааль, эдийн засгийн сургуультай шүү дээ? - Эдийн засгийн боломж байхгүй. Харин байгаа боломж нь гэвэл эрхзүйн орчин байна манайд. Гэхдээ эрхзүйн орчин байгаа гээд сургууль байгуулах боломж байхгүй. Наад зах нь гэхэд таван жил элсэлт аваад л агаарын компаниуд нисгэгчээр бүрэн хангагдчихна.
- Монголын нисгэгчид ямар улсад бэлтгэгддэг юм бэ? - АНУ, Канад, Англи, Тайланд Шведэд бэлтгэж байна. Шинээр бэлтгэгдсэн нисгэгчдийн дундаж нас 27-28.
- Нисгэгчдийн дундаж цалин хэд байдаг бол? - "МИАТ"-ийн нисгэгч 3-4 сая төгрөгийн цалинтай. Харин "Изинис"-ийн нисгэгч хоёр сая төгрөгийн цалинтай.
- Орон нутгийн нисэх онгоцны буудлууд нэлээд баартай байх шиг байна. Увс аймгийн нисэх буудалд газардах гэж байсан онгоц хоёр ч удаа шувуутай мөргөлдсөн хэрэг энэ онд гарлаа? - Онгоцны буудлын ойролцоо айлууд буусан, нядалгааны газар байрласан, бүр чацарганы талбайтай ч аймаг байна. Нисэх буудлын дэргэд буусан айлуудыг бүрэн нүүлгэсэн. Харин нядалгааны талбайн хувьд бага зэрэг асуудалтай байгаа учраас бүрэн шийдвэрлэж болохгүй байна. Ямартаа ч махчин шувууд нүүдлийнх учраас нэг хэсэгтээ энэ асуудал намжлаа.
- Асуудал хэсэг хугацаанд л намжаад байгаа гэлээ. Тэгэхээр ирэх жил энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй гэсэн үг үү? - Тэгж ойлгож болно. Увс аймгийн хувьд ирэх жил шинэ нисэх буудалтай болох юм. Аймгийн төвөөс 10 гаруй километр зайд нисэх буудал ашиглалтад орчих байх аа.
- Орон нутгийн нисэх буудлын зам ачааллаа даахгүй цөмөрсөн тохиолдол гарсан байхаа?
- Өмнөговь аймгийн нисэх буудлын талбай эвдэрсэн нь ачааллаа даахгүйгээс болсон нь үнэн. Судалгаагаар нисэх буудлыг анх байгуулахдаа алдаа гаргасан нь тогтоогдсон. 1986 онд уг талбайг ашиглалтад оруулахдаа яг онгоц буудаг талбайг 1.5 метр гүн ухах байсныг 70 сантиметр ухаж, шороо хийгээд битүүлсэн байна билээ. Гэтэл энэ талбайд жижиг онгоц буухад болно. Харин том онгоц буухад ачааллаа даахгүйгээс цөмөрсөн. Мөн энэ байдалд бороо ч их нөлөөлсөн. Энэ бүхнээс харахад аэродромыг барих стандартад ч өөрчлөлт оруулах цаг болсныг илтгэж байгаа.
Хөвсгөлийн Хатгал сумын нисэх онгоцны буудал байна. 2006 онд барьж эхэлсэн. Нийтдээ нэг тэрбум төгрөг зарцуулж барьсан атлаа гүйцээх боломжгүй болж, хаягдсан. Эхнээсээ технологи нь буруу байснаас ашиглалтад оруулах боломжгүй болж, нэг тэрбум төгрөг хаягдлаа.
Х.ГАН-ЯЛАЛТ
"Монголын мэдээ". 2009.10.30
2009/11/05
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment