2010/08/27

“Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй”

Залуучуудын байгууллага 1921 онд "Бошгыг халах залуучуудын эвлэл" нэртэйгээр ажлаа эхэлсэн түүхтэй.

Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 89 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан өнгөрөгч 23-ны өдрөөс эхлэн Монголын залуучуудын холбоо цуврал аяныг зохион байгуулав. Түүний нэг нь олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд хийсэн ахмадуудын уулзалт байлаа. Уулзалтад залуучуудын байгууллагын үе үеийн ахмад ажилчид ирлээ. Ирэх жил залуучуудын байгууллагын 90 жилийн ойг угтан энэ жилээс эхлэн жилийн хугацаанд залуустаа зориулсан ямар ажил хийж болох талаар ахмадуудын санал, шүүмжлэлийг энэ уулзалтаар ярилцлаа.

Энэхүү арга хэмжээг орон даяар нэг өдөр нэг цагт тэмдэглэж байгаа аж. Уулзалтад ирсэн ахмадуудад залуу үе ирээдүй минь түүхээ мартаж, уламжлалаа хадгалж чадахгүй байна хэмээн халаглах буурал олон байлаа. Энэ үеэр зарим нэг ахмадтай уулзаж тэдний бодлыг хуваалцсан юм.

Төрийн соёрхолт ардын уран зохиолч Т.Галсан: МАНЖИД УУССАН МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДАВТАХ НЬ

-Залуустаа уриалж таны хэлэх дуртай үг юу вэ?
-Уулзалтад оролцож байгаа минь энд хурсан ахмадууд бидний хувьд таатай байна. Мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадуудтайгаа уулзаж ярилцах боломж бидэнд тийм ч амархан олддоггүй юм шүү. Уриалах гэхэд ч бас биш юм. Ер нь залуучуудаасаа хүсэх юм байна. Одоогийн залуусыг харж байхад хөгжөөд ч байгаа юм шиг хэрнээ бас сөнөх гээд байх шиг. Оюуныхаа хүчээр ихийг бүтээж байгаа залуус байна аа. Улс орныхоо нэрийг ч дэлхийд цуурайтуулж чадаж байна. Гэхдээ аливаа улс үндэстний бусдаас ялгарах гол соёл нь эх хэл нь байдаг. Гэтэл манай залуус харь хэлийг ихэд шүтэх болжээ. Эх хэлээ мартвал Монгол Улс мөхнө. Миний эмзэглэл бол залуус хэтэрхий их харь хэлийг шүтээд манжид ууссан Монголын түүхийг давтах вий гэсэн бодол юм. Манайхан залуучуудын сонин гаргавал түүнд нь эх хэлний нэг булан байх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би тэр буланг нь дандаа үнэгүй хөтөлж өгөх болно. Мөн залуусын эх хэлний мэдлэгийг хөгжүүлье гэвэл "Утгын чимэг" зэрэг наадмыг жил бүр залуучуудын дунд зохион байгуулах хэрэгтэй юм.

СТА, сэтгүүлч, яруу найрагч, Б.Цэдэндаш: "ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН" СОНИНГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Залуусаа хөгжүүлж, чадваржуулахад яах хэрэгтэй вэ?
-Би 51 жил сэтгүүлч хийлээ. Түүний 17-д нь цэргийн сэтгүүлч байсан. Одоо хашиж байгаа алба минь Залуучуудын холбооны ахмад ажилтны зөвлөлийн тэргүүн, Чингис хааны нэрэмжит дэлхийн академийн жинхэнэ гишүүн.

Миний мэргэжил сэтгүүлч болоод ч тэр үү би "Залуучуудын үнэн" сонинг дахин сэргээх хэрэгтэйг энд хэлмээр байна. Анзаарч байхад хүүхдийн ном зохиол, сэтгүүлүүд нэлээд гардаг болж. Тэгсэн хэрнээ залуучуудынх гэсэн тодотголтой ажил бага хийгдэж байна. Тиймээс ядаж энэ сонинг дахин сэргээвэл залуусын талаар мэдээ нийтлэл гарч, тэднийг аливаа ажилд татан оролцуулахад ч бас тустай шүү дээ.

-Сая Т.Галсан гуай залуучуудын сонин гаргавал эх хэлний булан хөтөлнө гэсэн. Та харин сониндоо хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
-Надад маш их баян материал байна. 1960-аад оны эхэн үеүдэд би "Залуучуудын үнэн" сонинд ажиллаж байлаа. Гурван жил ажилласан. Тэр үеийн сонин хачин материалууд, тэр үеийн мундаг зохиолч, сэтгүүлчдийн ч материал байна. Манай залуучуудын байгууллагын түүх намтарыг ч бичиж болно шүү дээ.

Ахмад Ж.Бадраа : ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Төрийн дэмжлэг залууст дутагдаж байна гэдэг. Таны бодлоор энэ хэр үнэний ортой үг вэ?
-Тийм шүү. Манай залууст төрөөс дэмжлэг дутаж байгаа нь үнэн. Гэвч тэд хөгжиж, дэвшиж байна. Гэхдээ бас манай улс залуусынхаа хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байх шиг. Биднийг залуу байхад улс орны бүтээн байгуулалт, батлан хамгаалах ажилд дандаа залуус оролцдог байсан. Би Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны II нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Өнөө үед залуучуудын байгууллага ч тэр залуусыг ийм ажилд татан оролцуулж чадахгүй байна.

Надад ийм саналууд байна. Юуны түрүүн залуучуудыг хөгжүүлж, тэднийг улс орны аливаа ажилд томилоход хамгийн дөхөм болох зүйл нь хууль. Залуучуудын хуультай болъё гэсэн асуудал эртнээс яригдаж байсан. Гэвч биелэлээ олж батлагдалгүй байсаар байна. Энэ хуулийг батлуулахад залуусын оролцоо хэрэгтэй. Хамгийн наад зах нь гарын үсэг зурсан өргөдөл гаргаж болно.

Дараагийнх нь гэвэл Засгийн газрын дэргэдэх залуусын байгууллага байх хэрэгтэй юм. Тэгвэл тэд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох талаар төр, олон нийттэй илүү ойр харилцах болно. Монгол Улс залуу хүн амтай орон гэх атал сүүлийн үед залуучууд нь улс орныхоо хамгийн том асуудал болж байгаа нь зүйд нийцэхгүй. Хуультай, засгийн газрын дэргэдэх байгууллагатай болгохын тулд тэднийг дэмжиж туслаад өгөөч гэж албан ёсоор дээд газруудад шаардлага тавьж, баталгаажуулах хэрэгтэй байгаа юм.

Ахмад Д.Шагдаржав: ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УТГЫГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА
(Баянхонгор аймгийн залуучуудын эвлэлийн I нарийн бичгийн дарга байсан)

-Энэ уулзалтад ирээд хүмүүсийн яриаг сонсоод байхад залуучуудын эвлэлийн утгыг одоо л ойлгож байгаа юм шиг байна. Залуучууд тийм юм хийлээ. Одоо тийм юм хийхээр төлөвлөж байна гээд л. Гэвч ярихаасаа хийх нь чухал. Миний амнаас ч болохгүй үг их гардаг юм шүү. Хүн болгон магтаад л байх шиг байна. Гэхдээ манай залуучуудын байгууллага бүтээн байгуулалтын ажилд огт оролцохгүй байна. Энд тэнд хөнгөн шингэн ажил хийгээд л яваад байх шиг санагдаж байна. Залуучуудын байгууллага чинь төрийн бус байгууллага биш. Иргэн, олон нийтийн байгууллага юм. Төрийн бус гэхээр хуульд хамаарахгүй гэж ойлгогдоод нэг л болохгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хуулийг сахихгүй гэсэн утгатай байх шиг. Биеийн амрыг харсан ажил хийснээс бүтээн байгуулалтын ажилдаа сайн оролцох хэрэгтэй. Мөн байгаль экологийн асуудалд ч анхаарал тавих нь чухал юм. Залуучуудын цэцэрлэг гээд том ногоон байгууламжтай болчихвол хийсэн ажилтай, хэлэх үгтэй харагдана.

Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game