2010/08/25

2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...


Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.
Намайг таван настай байхад дэлхий огт өөр байсан. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ой шугуй, тал хөндийгөөр зугаалж, айлын хашаанд өвс ногоо ургаад л. Би хүссэн хугацаагаараа усанд хэвтэж, шүршүүрт ордог байлаа. Тухайн үед "Усаа гамна" гэдэг анхааруулгыг газар сайгүй харж байсан ч бусдын адил тоодоггүй байв. Усыг хэмжээ хязгааргүй хэрэнлэсээр л байсан.
Аав урт резинэн хоолойгоор ус шүршээд л машинаа угаадаг байсныг санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжүүлсэн тос түрхээд чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Үс, сахлаа ч гэсэн усгүйгээр арчилж, цэвэрлэдэг. Бид өмссөн хувцсаа хаях хүртлээ хэзээ ч угаадаггүй. Хүүхдүүд ус гэдэг чандмань эрдэнээс илүү үнэтэй, тоглож болохгүй гэдгийг маш сайн мэддэг.
Өнөөдөр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр үргэлжилж, гүний ус байхгүй болсон. Мод, өвс, ургамал гэж үгүй болсон. Бороо ч орохгүй. Мөн өвөл, зун, хавар, намар гэж улирал байдгийг өнөөгийн хүүхдүүд мэдэхгүй. Тэд төсөөлж ч чадахгүй. Дэлхий өнөөдөр эргэж сэргэхгүй, хязгааргүй цөл болсныг би харж сууна Хүмүүс ажлынхаа хөлсөнд алт, алмас эрдэнэ биш, ус авахыг илүүд үздэг.
Энэ хуурай, халуун ертөнцөөс болж хорин настай цэл залуухан охин минь эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсий 80 хувь нь химийн гаралтай бүтээгдэхүүн. Манай цаг үеийн суут эрдэмтэд, судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа. Бид усыг үйлдвэрлэж чадахгүй нь. Миний багад хүмүүс алт, алмас эрдэнэ, газрын тосны төлөө дайтаж, бие биенээ хяддаг байсныг санаж байна. Харин өнөөдөр өчүүхэн хэмжээний цэвэр усны нөөцөө хамгаалах гэж мянга мянган хүний амь эрсдэж байгаа цаг.
Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?" хэмээн асууж билээ. Би түүнд зуны турш бороо орж, өнгө өнгийн цэцэгс алаглан, ногоон навч, шилмүүсээр гоёсон чилгэр моддоор дүүрэн ойд төрөл бүрийн амтат жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь сүлэлдсэн голын талаар, хүмүүс усыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог байсныг ярьж өглөө. Мөн хүмүүс нь ямархуу эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байсныг ярихаа ч мартсангүй.
Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?" гээд л шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан. "Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггүй хүмүүсийн нэг нь би байсан" гэж хэлэх амар байгаагүй. Тэр сайхан үзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бүхнийг өөрчилснийг тайлбарлахад хэцүү байв. Бидний ухаангүй, тооцоогүй үйлдлийн төлөөсийг үр хүүхэд маань төлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.
Тэр үед энэ бүхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол эргэж очоод, энэ бүхнийг хүмүүст ярьж өгөхсөн. Үргүй зарсан усаа гамнахсан. Ирээдүйдээ үр хүүхэддээ там болсон дэлхийг үлдээх гэж буйг нь сануулахсан.

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game