2009/07/20
Нисэхийн амьд түүх
"Д.Гунгаа: 1939 оны наймдугаар сарын 25-ны шөнө дайснууд ялагдлаа. Тэр үед япончуудыг дайсан гэдэг байлаа шүү дээ. Биднийг дайны талбарт очихоос өмнө агаарын тулаанд Японы нисгэгчид давамгайлж байсан гэнэ лээ. Оросын залуу нисгэгчид байсан. Үеийн залуус болохоор нэгнээ шоолохоос эхлээд инээд наргиан тасрахгүй. Нислэгээс 3-4 нисгэгч буцаж ирдэггүй байв"
Идэр залуухан бас эх орноо гэсэн халуун сэтгэлтэй аавын хөвгүүд 60 жилийн өмнө тэнд харийн дайсны шуугисан сумаас ч эмээлгүй тэмцэж явсан. Өнөөдөр тэдгээр эрэлхэг хөвгүүдийн дийлэнх нь бурхны оронд заларцгааж буй. Дайн дажин, дарийн утаа гэж юу болохын зовлонг биеэр туулсан эх оронч хөвгүүдийн нэг, амьд түүх болсон энэ эрхэм залуу насаа ийн дурсах аж. Түүх хуучирдаггүй. Тэр тусмаа эх орон газар шорооныхоо төлөө халуун амиа харамлалгүй тэмцсэн эрэлхэг хөвгүүдийн түүх хэзээ ч хуучрахгүй сэдэв хэвээр байх болно. 1945 оны чөлөөлөх дайнд Монголын арми орос ах нартайгаа мөр зэрэгцэн орох боллоо. Чөлөөлөх дайны өмнөхөн Монголын нисэх хүчин ЯК-9 маркийн байлдааны нисэх онгоцыг ах нараасаа хүлээн авчээ. Дэлхийн II дайнд агаарт ноёрхож немцүүдийн зүрхийг үхүүлж явсан энэ онгоц залуу нисгэгчдийн сэтгэлийг гижигдэж байв. Газар шороонд нь шунаж, тусгаар тогтнолд нь аюул учруулсан дайсны дайралтын хайр найргүйг мэдэрсэн залуу нисгэгчид “Байлдааны нисгэгч болсны хэрэг юу билээ. Энэ онгоцоор Японы нисгэгчидтэй байлдах юмсан. Тулалдаад үхэж ч болно, баатар ч болно” хэмээн шохоорхож байсан гэдэг. Гэвч Өндөрхаанд байрласан Монголын нисэх отрядад чөлөөлөх дайнд оролцох шаардлага тулгараагүй. Дэлхийн өнцөг буланд дүрэлзэж байсан дайны гал намжиж байлдааны зориулалтаар ашиглаж байсан нисэх онгоцыг улс орнууд иргэний зориулалтаар ашиглаж эхэлсэн юм. Манай улс ч нисэх хүчнээ иргэний зориулалтаар ашиглаж 1957 онд Агаарын харилцааны газрыг байгуулсан аж. Энэ үед Д.Гунгаа гуай Нисэх тавдугаар тусгай отрядын даргаар томилогдож, 1965-1974 онд Агаарын харилцааны газар, Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын даргаар ажилласан байдаг. АИХ-ын депутатаар сонгогдож явсан энэ буурай гурван төрийн нүүр үзсэн цөөхөн хүний нэг. Монголын нисэх хүчний 70 жилийн амьд түүхийг тээж яваа Д.Гунгаа гуайн энгэрт “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Байлдааны гавьяаны одон” хоёр ч “Алтан гадас” гялалзах аж. Монголын нисэх хүчний 40 жилийн ойгоор буюу түүнд БНМАУ-ын баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон юм. Энэ эрхэм Монголын нисэх хүчнээс төрсөн хамгийн анхны гавъяат нисгэгч. Өвгөн бүргэд Д.Гунгаа гуай булган сүүлтэй хүн. Түүний араас Монголын нисэх хүчний салбарт хэдэн зуун залуус мөр зэрэгцэн ажиллаж олон ч залуус Монгол Улсын гавьяат нисгэгч хэмээх хүндэт цолыг хүртчихээд байгаа. Бас түүний хүү Д.Жаргалсайхан БОИНГ-737-800 хөлөг жолоодон гавьяат нисгэгч аавынхаа туулсан замаар замнаж явна.
ИНЕГ-ын ЗХНХМХ-ийн хэвлэлийн тоймч Д.Отгонжаргал
Ангилал:
Таны мэдлэгт
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment