2012/03/22

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярилцлага өглөө


Нэг сарын өмнө ажлаа хүлээж авсан Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгч А.Мөнхбат Зууны мэдээ сонины 2012 оны 03-р сарын 13-ны дугаарын Залуус нүүрний зочноор уригдан ярилцлага өглөө.
- Шинэ ерөнхийлөгч ажлаа аваад удаагүй байна. Залуучуудын Холбооны ажлыг хэрхэн дүгнэж байна?
Хэдийгээр баяр давхацсан өдрүүд өнгөрсөнч залуучуудын холбооны өдөр тутмын үйл ажллагаааг авч явдаг гүйцэтгэх хорооныхоо гол ажлуудтай танилцаж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх ажил хийж байна. “Залуу удирдагч сан”, “Полиси” төв, “Залуучуудын үнэн сонин”, “Залуу үе сэтгүүл”, “Залуу зохион бүтээгч” сэтгүүл гэх мэт олон байгууллагын үйл ажилллагаа саарсан байна.
Тиймээс орчин үеийн менежментийн шаарддлага, залуучуудын ууган байгууллагын хувьд ногддог үүрэг хариуцлагуудыг шингээсэн шинэ бүтцээр ажиллана. Ямар ч цензургүй, залуучуудын дуу хоолой болсон “Залуучуудын үнэн” сонинг дөрөвдүгээр сараас долоо хоног бүр тогтмол болго, залуучуудын өнгийг тодорхойлох “Залуу үе” сэтгүүлээ сард нэг удаа гаргана. Инженерийн сэтгэлгээтэй, баялаг бүтээх залуусыг олон болгох үүднээс МУИС, МҮОНТВ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгтэй хамтран “Залуу зохион бүтээгч” сэтгүүлээ гаргахаар төлөвлөсөн.
- Залуучуудын байгууллагын удирдлага солигдлоо, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх бол, юу хийж бүтээх бол гэсэн хүлээлт үүсээд байна. таны хувьд ямар онцлог чиглэлтэй ажиллах вэ?
Бид хуучин хамтарч ажиллаж байсан байгуллагуудтайгаа харилцаа холбоогоо сэргээж байна. 70 хувь нь залуучуудтай улсын хувьд төрөөс ямар бодлого баримталж, юуг анхаарах, хэрхэн зөв явуулах, залуучуудын дуу хоолойг яаж хүргэх зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцсон. Мөн УИХ-ын даргатай уулзаж төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, албан ёсоор өргөн барих боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан.
УИХ-д залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийг байгуулах асуудлыг ч хөндөж тавина. эрхзүйн чадамжтай байх тэр боломжийг бүрдүүлж өгөөч гэсэн санал тавьсан. Байнгын хороод, дэд хороод, Аудитын ерөнхий газар гэх мэт УИХ-ын бүтцийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулах талаар ч ярилцаж, УИХ-ын даргын дэргэд залуучуудын асуудал хариуцсан зөвлөх ажиллуулахаар тохиролцсон.
40 жил завсарласны дараа 1998 онд Монголын залуучуудын үндэсний чуулганыг Монголын залуучуудын байгууллага зохион байгуулж байсан. Тиймээс ирэх намар Монголын залуучуудын үндэсний чуулганыг хийе. Залуучууд аль нэг намын үзэл суртал, хот хөдөө, жендер ярилгүй бүгд цуглаж, эдийн засгийн шинэ бодлогын үед залуучууд ямар байр суурьтай байх талаар ярилцаж тодотгоё. Залуучуудын их эвлэрлийн, эв нэгдлийн чуулган болгох санааг ярьж байна.
- Төлөвлөсөн яриаг ажил хэрэг болгох нь чухал. Гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнд хүрэхэд хэр хугацаа шаардагдах бол?
Бид сар бүр аян зарлаж, тодорхой ажил хийж, үр дүнг нь үзэж байх болно. Гуравдугаар сарыг Монголын залуучуудын холбоо өөрийгөө сэргээх, идэвхжүүлэх сар болгож зарласан бол дөрөвдүгээр сарыг хамтын ажиллагааных болгоно. Манай байгууллагын 20 жилийн түүхтэй брэнд болсон ажлуудыг ч шинэ өнгө, хэлбэрт оруулж эхэлж байна. “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жилээс бүх төрлийн бүжгийнх болгож өргөжүүлэх гэж байна. П.Очирбат ерөнхийлөгч “Ийм тансаг шинэ жил үзээгүй” гэж хэлж байсан “Next stop” шинэ жилийг сэргээж, “Next stop” сан байгуулахаар боллоо.
Хамгийн гол нь Монголын залуучуудын холбоо маань жинхэнэ утгаараа залуучуудын байгууллага болох, хамгийн нээлттэй байгууллага болох гэсэн хоёр том зорилт тавин ажиллаж байна. Гадаадад, хөдөө хаягдсан, аль нэг нам гээд буланд шахагдсан Монголын залуусыг нэгтгэж, хамтран ажиллах болно. Бидний хийж байгаа бүх үйл ажиллагаа маш тодорхой, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг болно. Байгууллагынхаа болон хувийн цахим хаяг, хуудсуудаар өдөр бүрийн орлого, зарлагаа бичихээс эхлээд өөрсдөө нээлттэй байж, бусдын итгэлийг авч хамтарч ажиллахаар төлөвлөсөн.
-Өмнөх удирдлагын ажил байдлыг хэрхэн үнэлж байна. Сайн нь илүү байна уу, дутагдал нь олон байна уу?
Би 2004 онд Мэдээлэл технологийн газрыг Сайханбилэг даргатай хамт байгуулж, ажиллахад хов жив их ярьж байсан. Тэр үед бид нэг л зүйлийг зарчмаа болгож ажилласан. Бид залуу хүмүүс, шинээр юм хийж, үүсгэн байгуулах гэж ирсэн болохоос шүүгч хийх гэж ирээгүй гэдгээ маш тодорхой ойлгуулсан. Яг тэр зарчмаа өнөөдөр барьж явна. Хуучин руугаа өнгийж, хуучинтайгаа зууралдан, хуучнаа үгүйсгэх нь утгагүй. Бид залуу хүмүүс учир улстөржихгүй байх ёстой. Үүнийгээ ч Мэдээлэл харилцаа холбоо технолгийн салбарт ажиллаж байхдаа харуулсан. Бид нэг ч хүнийг улс төрийн асуудлаар ажлаас халж, ажилд авч үзээгүй, нэг ч залууд намын батлах өгч байгаагүй. Тиймээс бид Монголын шинэ үеийн төлөөлөл гэдгээ харуулж энэ зарчмаа барьж ажиллана.
-Яг одоо залуусын хамгийн их сонирхож, анхаарал хандуулж буй асуудал бол яах аргагүй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл. Залуучуудыг хамруулах боломжийг судалж үзэв үү?
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох тухай Засгийн газрын тогтоолыг бид анхааралтай ажиглаж байна. Монголд дөрвөн хүүхэдтэй, зургаан ам бүлтэй 28 мянган өрх байдаг юм билээ. Эдгээрээс орон сууцтай нь ч бий. Гэхдээ залуучуудыг хэд нь дөрвөн хүүхэдтэй байх билээ. Өмнө нь ямар нэг үл хөдлөх хөрөнгө дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд зээл олгохгүй. Энэ мэт нөхцөлүүдээр хасагдсаар 4-5 мянган өрхөд зориулсан зээл болж байгаа юм.
Залуусыг орон сууцжуулах тухай асуудлыг манай байгууллага анх гаргасан ч манай өмнөх удирдлагууд хэл аманд орж, буруудаж байсан. Гэхдээ бид залуучуудынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зөв арга замыг олох, гарц бий болгох тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана. Зээлд ямар хүмүүсийг хамруулах уу гэдгээ эдийн засгийн зөв утгатай нь уяад, хэрхэн хүнд сурталгүй зөв эзэнд нь хүргэх үү гэдгийг залуучуудын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй.
-Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гээд байгаа. Гэтэл залуучууд ямар цалин хөлстэй ажиллаж, ямар өртөгтэй амьдарч байгаа билээ гээд үзэхээр зээлд хамрагдах хэцүү байх шиг?
Бид энэ асуудалд илүү буйр суурьтай хандах үүднээс ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлж байна. Засгийн газарт маш тодорхой санал тавина. Залуучуудад маань тайван ажиллах, гэр бүлтэй болоод үр хүүхдээ өсгөхөд тохирох орчин л хэрэгтэй байгаа шүү дээ. Монгол залуу хүн ямар ч асуудалгүй зээлээр орон сууцтай болоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг болох нөхцөл бүрдтэл бид ажиллах болно.
-Залуу хүнд мэдлэг боловсрол чухал. Тиймээс ч гадагшаа явах сонирхол их байдаг. Харин харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг эх оронд нь авчрах тал дээр ямар ажил хийх вэ?
Ерөнхийлөгчийн санаачилсан “Олуулаа болцгооё, Монголдоо ирээч ээ” гэсэн уриалгыг дэмжиж байгаа. Гадаад улс орнуудад Залуучуудын холбооны салбар зөвлөлийг бид энэ ондоо багтааж байгуулна. Монгол руугаа залуучуудыг дуудах, урих ажлыг хийх болно. Монголд ирж байгаа залуучууд ямар ажлын байртай, амьдрах нөхцөл байгаа нь асуултын тэмдэгтэй хэвээрээ байгаа учраас өнөөдөр залуучууд маань ирэхгүй байна. Энэ асуултын тэмдгүүдэд бид хариулт зоох ёстой. Боловсролын тогтолцооны асуудал муу байна. Олон жил болж байгаа, олон улсын стандартыг хангаж чадахгүй сургуулиуд байна. Амьдрах орчин, боловсролын тогтолцоог сайжруулж чадвал монгол залуус эх орондоо ирнэ. Уул уурхай гэж шинэ салбар манайд бий болж байна. Энэ зах зээлд чадварлаг ажилчид хэрэгтэй байна. Үүнд залуус маань бэлдэх хэрэгтэй. Энэ тал дээр ч бид зөв бодлого барьж ажиллах болно.
Ярилцсан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Х.Монголхатан

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game