2009/06/16

Алтан гадас одонгоор шагнуулав.

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ИНЕГ-ын Сургалтын төвийн сургалт хариуцсан менежер Ч.Цэдэндоржийг "Алтан гадас" одонгоор шагнав. ИНЕГ-ын даргын зөвлөлөөс түүнийг хүлээн авч, дурсгалын зүйл гардууллаа.

Ч.Цэдэндорж ЗХУ-ын Ленинград хотын /хуучин нэрээр/ Иргэний нисэхийн академийг нислэгийн удирдагч мэргэжлээр төгч ирснээсээ хойш тус салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа нислэг хөдөлгөөний удирдлагаар мэргэшсэн ажилтан юм.
Ч.Цэдэндорж нь Архангай аймгийн нисэх буудалд нислэгийн удирдагч, хөдөлгөөний диспетчер, Хөдөлгөөний албаны дарга, НАБЗАлбанд мэргэжилтэн, МИАТ ХК-нид тээврийн мэргэжилтэн, ИНЕГ-т ерөнхий менежер, НХУҮТ-ийн захирал, сургалт хариуцсан менежер зэрэг удирдах албыг хашиж байсан бөгөөд одоо ч иргэний нисэхийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажилласаар байна.

Ч.Цэдэндорж иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагыг журналаар бүртгэн хянадаг байсан системийг өөрчилж ИКАО-ийн баримт бичигт нийцүүлэн “Стрип”-ийн бүртгэл хяналтанд оруулж процедурын аргаар нислэг хөдөлгөөнийг удирдах журамд шилжүүлсэн, Хөдөлгөөний албаны бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт ойртуулан бие даасан алба болгон зохион байгуулсан, ИКАО-гийн шаардлагын дагуу мэргэжлийн үнэмлэхийг анх хийлгүүлсэн.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх агаарын замуудыг шинэчлэн дугаарласан, Нислэг үйлддэг компаниудын аяллын дугааруудыг ИКАО-гийн шаардлагын дагуу хийлгүүлсэн, Агаарын зайн хуулийн төслийг боловсруулалцсан, НХУҮ Төвийг шинээр байгуулж нислэг хөдөлгөөний удирдлагыг бие даан явуулж мэргэжлийн түвшинд хүргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан, Швед улсын нислэг хөдөлгөөний үйлчилгээний академи болон олон улсын “SIDA” байгууллагатай хамтран Иргэний нисэхийн системийг хамарсан 3 жилийн хугацаатай сургалтын төслийг боловсруулалцан тус салбарт амжилттай хэрэгжүүлж байна.
Ч.Цэдэндорж нь сургалт хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэхэд олон улсын нисэхийн сургалтын байгууллагын шаардлагад нийцүүлэн 20 гаруй сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 4 мянга гаруй сургалтыг зохион байгуулж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр онолын хичээл заахаас гадна сургалтын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, анги танхим тохижуулах, номын санг баяжуулах зэрэг ажилд идэвх чармайлт гарган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд тодорхой ахиц гарган ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарын Залуучуудын өмнөөс Таны залуу үеийг сургаж бэлтгэх үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game