Иргэний нисэхийн залуучуудын холбооноос залуучуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тойрон аяллыг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн аяллыг Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дарьганга суманд орших Шилийн Богд, Тоорой бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо чиглэлд 5 хоног турш аялах хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Аяллын бүрэлдэхүүнд ИНЕГ, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Сургалт, дадлагын цогцолбор, "Чингис хаан" ОУБ, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Оношлогоо, хэмжилзүйн лаборатори, Шалгалтын нислэг зураглалын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Жаргалант цогцолборын нийт 30 залуу оролцоод ирлээ.
Аяллын явцад залуусыг Хэнтий, Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын хамт олон хүлээн авч, галын наадам зохиож, орон нутгийн музейг үзэж сонирхуулахын зэрэгцээ нутаг орны онцлогийг танилцуулж, ИНЗХ-нд Алтан дарь овооны зургийг дурсгал болгон хадгалуулав.
Аялагч залуусын хувьд энэ үеэр байгал орчноо хамгаалах зорилгоор Дарьганга сумын Зэгст нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудалд нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Аяллын тэмдэглэлийг удахгүй Та бүхэндээ хүргэх болно.
Дэлгэрэнгүй “Тойрон аялал зохион байгуулав.”
2012/09/05
2012/08/26
Туул голын эргээр цэвэрлэгээ хийлээ
Тэртээ 91 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсэж байсан бөгөөд үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо ийнхүү албан ёсоор нэгтгэж байжээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар тогтоол гарснаар жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Залуучуудын өдөр"-ийг тэмдэглэж байхаар болсон юм.
Монголын залуучуудын өдрийг тохиож ИНЕГ-ын Залуучуудын холбоо, "Буянт-Ухаа хөгжил" төрийн бус байгууллага, "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн хамт олон өнгөрөгч амралтын өдөр “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая” уриан дор Туул голоо цэвэрлэн их ажлыг өрнүүлсэн юм. Нийт 80 гаруй албан хаагчид оролцсон энэ үйл ажиллагаа нисэхийн Туул голын сав газар, нутаг дэвсгэрийг цэвэрлэлээ.
Энэхүү арга хэмжээг залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгах үр бүтээлтэй ажлыг Иргэний нисэхийн залуучуудын холбоо санаачлан зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээр 1 машин буюу 5 тонн гаруй хог хаягдлыг цэвэрлэхэд Буянт-Ухаа төрийн бус байгууллага, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хамт олон идэвхийлэн ажиллалаа.
Дэлгэрэнгүй “Туул голын эргээр цэвэрлэгээ хийлээ”
2012/08/24
Мэндчилгээ
Монгол Улсын нийт залуучууддаа Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе.
Аливаа улсын хөгжил тухайн орны залуучуудын идэвх, санаачлага, ажил үйлсээс шууд хамраалтай байдаг. Монголын Залуучуудын Холбооны 91 жилийн түүх гэдэг бол Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үе үеийн залуучуудын оруулсан бодит үр дүнгийн баатарлаг замнал, та бидний бахархал яахын аргагүй мөн билээ.
Өнөөгийн залуучууд та бидэнд ч эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх шинэ, шинэ боломжууд байсаар байна. Манай улсын хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлж байна. Үүнийг Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын шинэ ирээдүй, шинэ оюун ухаан, шинэ нээлт, шинэ эрч хүч хэмээн харж байна.
Тийм ч учраас Монгол Залуучуудын Холбоо нь залуучуудын үндэсний төв байгууллага болохын хувьд өөрийн бодлого төлөвлөлтийг шинэ төвшинд гаргаж, өрсөлдөх чадвартай, ажлын дадлага туршлагатай, эрүүл, зөв монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, МЗХ өөрийн дэргэд мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна.
Цаашдаа МЗХ залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болгонд МЗХ-ны анхан шатны салбар зөвлөлүүдийг байгуулахыг зорьж байна. Үүнд залуучууд та бүхний санал санаачилга туйлаас чухал билээ.
Өнөөдөр МЗХ УИХ-д “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээ байгуулж, улмаар “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, хуулийн төслүүдэд залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, саналыг тусгуулах, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болоод байна. Энэ нь залуучууд та бидэнд өөрсдөө хууль боловсруулах, санаачилан батлуулах бодит боломж нөхцөл бүрдэж байгаа хэрэг юм.
Энэхүү шинэ бодлого, түүний хэрэгжилтийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо залуучуудынхаа эрх ашиг, сонирхолын төлөө ажилладаг байгууллага болон өөрчлөгдөж байна.
Шинэ бодлого гэдгийг Монгол төрийн залуучуудын талаар баримталах бодлого, түүнд нь нийцсэн үйл ажиллагаа, залуучуудын хөгжилд чиглэгдсэн хамтын түншлэл хэмээн үзэж байна.
Өөрөөр хэлбэл шинэ мянганд, Монголын залуучууд та бидэнд шинэ хамтын ажиллагаа, шинэ бодлого, шинэ шийдэл, шинэ хөгжил хэрэгтэй байна.
Монгол Улсын сайхан ирээдүйн төлөөх та бидний ажил үйлс амжилтаар дүүрэн байж, эрчтэй, хүчтэй, эвтэй, эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье.
Монголын Залуучуудын Холбооны үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”
Subscribe to:
Posts (Atom)

