2010/08/27

“Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй”

Залуучуудын байгууллага 1921 онд "Бошгыг халах залуучуудын эвлэл" нэртэйгээр ажлаа эхэлсэн түүхтэй.

Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 89 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан өнгөрөгч 23-ны өдрөөс эхлэн Монголын залуучуудын холбоо цуврал аяныг зохион байгуулав. Түүний нэг нь олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд хийсэн ахмадуудын уулзалт байлаа. Уулзалтад залуучуудын байгууллагын үе үеийн ахмад ажилчид ирлээ. Ирэх жил залуучуудын байгууллагын 90 жилийн ойг угтан энэ жилээс эхлэн жилийн хугацаанд залуустаа зориулсан ямар ажил хийж болох талаар ахмадуудын санал, шүүмжлэлийг энэ уулзалтаар ярилцлаа.

Энэхүү арга хэмжээг орон даяар нэг өдөр нэг цагт тэмдэглэж байгаа аж. Уулзалтад ирсэн ахмадуудад залуу үе ирээдүй минь түүхээ мартаж, уламжлалаа хадгалж чадахгүй байна хэмээн халаглах буурал олон байлаа. Энэ үеэр зарим нэг ахмадтай уулзаж тэдний бодлыг хуваалцсан юм.

Төрийн соёрхолт ардын уран зохиолч Т.Галсан: МАНЖИД УУССАН МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДАВТАХ НЬ

-Залуустаа уриалж таны хэлэх дуртай үг юу вэ?
-Уулзалтад оролцож байгаа минь энд хурсан ахмадууд бидний хувьд таатай байна. Мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадуудтайгаа уулзаж ярилцах боломж бидэнд тийм ч амархан олддоггүй юм шүү. Уриалах гэхэд ч бас биш юм. Ер нь залуучуудаасаа хүсэх юм байна. Одоогийн залуусыг харж байхад хөгжөөд ч байгаа юм шиг хэрнээ бас сөнөх гээд байх шиг. Оюуныхаа хүчээр ихийг бүтээж байгаа залуус байна аа. Улс орныхоо нэрийг ч дэлхийд цуурайтуулж чадаж байна. Гэхдээ аливаа улс үндэстний бусдаас ялгарах гол соёл нь эх хэл нь байдаг. Гэтэл манай залуус харь хэлийг ихэд шүтэх болжээ. Эх хэлээ мартвал Монгол Улс мөхнө. Миний эмзэглэл бол залуус хэтэрхий их харь хэлийг шүтээд манжид ууссан Монголын түүхийг давтах вий гэсэн бодол юм. Манайхан залуучуудын сонин гаргавал түүнд нь эх хэлний нэг булан байх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би тэр буланг нь дандаа үнэгүй хөтөлж өгөх болно. Мөн залуусын эх хэлний мэдлэгийг хөгжүүлье гэвэл "Утгын чимэг" зэрэг наадмыг жил бүр залуучуудын дунд зохион байгуулах хэрэгтэй юм.

СТА, сэтгүүлч, яруу найрагч, Б.Цэдэндаш: "ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН" СОНИНГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Залуусаа хөгжүүлж, чадваржуулахад яах хэрэгтэй вэ?
-Би 51 жил сэтгүүлч хийлээ. Түүний 17-д нь цэргийн сэтгүүлч байсан. Одоо хашиж байгаа алба минь Залуучуудын холбооны ахмад ажилтны зөвлөлийн тэргүүн, Чингис хааны нэрэмжит дэлхийн академийн жинхэнэ гишүүн.

Миний мэргэжил сэтгүүлч болоод ч тэр үү би "Залуучуудын үнэн" сонинг дахин сэргээх хэрэгтэйг энд хэлмээр байна. Анзаарч байхад хүүхдийн ном зохиол, сэтгүүлүүд нэлээд гардаг болж. Тэгсэн хэрнээ залуучуудынх гэсэн тодотголтой ажил бага хийгдэж байна. Тиймээс ядаж энэ сонинг дахин сэргээвэл залуусын талаар мэдээ нийтлэл гарч, тэднийг аливаа ажилд татан оролцуулахад ч бас тустай шүү дээ.

-Сая Т.Галсан гуай залуучуудын сонин гаргавал эх хэлний булан хөтөлнө гэсэн. Та харин сониндоо хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
-Надад маш их баян материал байна. 1960-аад оны эхэн үеүдэд би "Залуучуудын үнэн" сонинд ажиллаж байлаа. Гурван жил ажилласан. Тэр үеийн сонин хачин материалууд, тэр үеийн мундаг зохиолч, сэтгүүлчдийн ч материал байна. Манай залуучуудын байгууллагын түүх намтарыг ч бичиж болно шүү дээ.

Ахмад Ж.Бадраа : ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Төрийн дэмжлэг залууст дутагдаж байна гэдэг. Таны бодлоор энэ хэр үнэний ортой үг вэ?
-Тийм шүү. Манай залууст төрөөс дэмжлэг дутаж байгаа нь үнэн. Гэвч тэд хөгжиж, дэвшиж байна. Гэхдээ бас манай улс залуусынхаа хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байх шиг. Биднийг залуу байхад улс орны бүтээн байгуулалт, батлан хамгаалах ажилд дандаа залуус оролцдог байсан. Би Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны II нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Өнөө үед залуучуудын байгууллага ч тэр залуусыг ийм ажилд татан оролцуулж чадахгүй байна.

Надад ийм саналууд байна. Юуны түрүүн залуучуудыг хөгжүүлж, тэднийг улс орны аливаа ажилд томилоход хамгийн дөхөм болох зүйл нь хууль. Залуучуудын хуультай болъё гэсэн асуудал эртнээс яригдаж байсан. Гэвч биелэлээ олж батлагдалгүй байсаар байна. Энэ хуулийг батлуулахад залуусын оролцоо хэрэгтэй. Хамгийн наад зах нь гарын үсэг зурсан өргөдөл гаргаж болно.

Дараагийнх нь гэвэл Засгийн газрын дэргэдэх залуусын байгууллага байх хэрэгтэй юм. Тэгвэл тэд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох талаар төр, олон нийттэй илүү ойр харилцах болно. Монгол Улс залуу хүн амтай орон гэх атал сүүлийн үед залуучууд нь улс орныхоо хамгийн том асуудал болж байгаа нь зүйд нийцэхгүй. Хуультай, засгийн газрын дэргэдэх байгууллагатай болгохын тулд тэднийг дэмжиж туслаад өгөөч гэж албан ёсоор дээд газруудад шаардлага тавьж, баталгаажуулах хэрэгтэй байгаа юм.

Ахмад Д.Шагдаржав: ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УТГЫГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА
(Баянхонгор аймгийн залуучуудын эвлэлийн I нарийн бичгийн дарга байсан)

-Энэ уулзалтад ирээд хүмүүсийн яриаг сонсоод байхад залуучуудын эвлэлийн утгыг одоо л ойлгож байгаа юм шиг байна. Залуучууд тийм юм хийлээ. Одоо тийм юм хийхээр төлөвлөж байна гээд л. Гэвч ярихаасаа хийх нь чухал. Миний амнаас ч болохгүй үг их гардаг юм шүү. Хүн болгон магтаад л байх шиг байна. Гэхдээ манай залуучуудын байгууллага бүтээн байгуулалтын ажилд огт оролцохгүй байна. Энд тэнд хөнгөн шингэн ажил хийгээд л яваад байх шиг санагдаж байна. Залуучуудын байгууллага чинь төрийн бус байгууллага биш. Иргэн, олон нийтийн байгууллага юм. Төрийн бус гэхээр хуульд хамаарахгүй гэж ойлгогдоод нэг л болохгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хуулийг сахихгүй гэсэн утгатай байх шиг. Биеийн амрыг харсан ажил хийснээс бүтээн байгуулалтын ажилдаа сайн оролцох хэрэгтэй. Мөн байгаль экологийн асуудалд ч анхаарал тавих нь чухал юм. Залуучуудын цэцэрлэг гээд том ногоон байгууламжтай болчихвол хийсэн ажилтай, хэлэх үгтэй харагдана.

Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/
Дэлгэрэнгүй ““Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй””

2010/08/25

2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...


Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.
Намайг таван настай байхад дэлхий огт өөр байсан. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ой шугуй, тал хөндийгөөр зугаалж, айлын хашаанд өвс ногоо ургаад л. Би хүссэн хугацаагаараа усанд хэвтэж, шүршүүрт ордог байлаа. Тухайн үед "Усаа гамна" гэдэг анхааруулгыг газар сайгүй харж байсан ч бусдын адил тоодоггүй байв. Усыг хэмжээ хязгааргүй хэрэнлэсээр л байсан.
Аав урт резинэн хоолойгоор ус шүршээд л машинаа угаадаг байсныг санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжүүлсэн тос түрхээд чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Үс, сахлаа ч гэсэн усгүйгээр арчилж, цэвэрлэдэг. Бид өмссөн хувцсаа хаях хүртлээ хэзээ ч угаадаггүй. Хүүхдүүд ус гэдэг чандмань эрдэнээс илүү үнэтэй, тоглож болохгүй гэдгийг маш сайн мэддэг.
Өнөөдөр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр үргэлжилж, гүний ус байхгүй болсон. Мод, өвс, ургамал гэж үгүй болсон. Бороо ч орохгүй. Мөн өвөл, зун, хавар, намар гэж улирал байдгийг өнөөгийн хүүхдүүд мэдэхгүй. Тэд төсөөлж ч чадахгүй. Дэлхий өнөөдөр эргэж сэргэхгүй, хязгааргүй цөл болсныг би харж сууна Хүмүүс ажлынхаа хөлсөнд алт, алмас эрдэнэ биш, ус авахыг илүүд үздэг.
Энэ хуурай, халуун ертөнцөөс болж хорин настай цэл залуухан охин минь эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсий 80 хувь нь химийн гаралтай бүтээгдэхүүн. Манай цаг үеийн суут эрдэмтэд, судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа. Бид усыг үйлдвэрлэж чадахгүй нь. Миний багад хүмүүс алт, алмас эрдэнэ, газрын тосны төлөө дайтаж, бие биенээ хяддаг байсныг санаж байна. Харин өнөөдөр өчүүхэн хэмжээний цэвэр усны нөөцөө хамгаалах гэж мянга мянган хүний амь эрсдэж байгаа цаг.
Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?" хэмээн асууж билээ. Би түүнд зуны турш бороо орж, өнгө өнгийн цэцэгс алаглан, ногоон навч, шилмүүсээр гоёсон чилгэр моддоор дүүрэн ойд төрөл бүрийн амтат жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь сүлэлдсэн голын талаар, хүмүүс усыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог байсныг ярьж өглөө. Мөн хүмүүс нь ямархуу эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байсныг ярихаа ч мартсангүй.
Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?" гээд л шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан. "Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггүй хүмүүсийн нэг нь би байсан" гэж хэлэх амар байгаагүй. Тэр сайхан үзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бүхнийг өөрчилснийг тайлбарлахад хэцүү байв. Бидний ухаангүй, тооцоогүй үйлдлийн төлөөсийг үр хүүхэд маань төлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.
Тэр үед энэ бүхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол эргэж очоод, энэ бүхнийг хүмүүст ярьж өгөхсөн. Үргүй зарсан усаа гамнахсан. Ирээдүйдээ үр хүүхэддээ там болсон дэлхийг үлдээх гэж буйг нь сануулахсан.
Дэлгэрэнгүй “2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...”

2010/08/12

Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС “УБ –ХАРХОРИН – ХӨШӨӨТ ЦАЙДАМ – ӨГИЙ НУУР”
ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТОЙРОН АЯЛАЛЫН ТАЙЛАН

2010-08-05 өдөр буюу аялалын 1 дэх өдөр

Аялалд оролцогч гишүүд ИНЕГ-ын хурлын танхимд цуглаж тойрон аяллыг албан ёсоор нээж ИНЕГ-ын дарга С.Батмөнх нийт аялагч залууст хандан үг хэлж, аян замдаа сайн явахыг ерөөв.

Нээлтийн ажиллагааны дараа ИНЗХолбооны тэргүүлэгчид оролцогчидтой уулзалт хийж нийт 30 оролцогч гишүүдийг нэг багт 6 гишүүнтэйгээр 5 баг болгон зохион байгуулалтанд оруулснаар энэхүү аялал эхлэж оролцогчид автобусандаа суун замд гарлаа.

Ийнхүү тойрон аяллын эхний зогсоол болох “Элсэн тасархай”-н байгалийн үзэсгэлэнт газартай танилцан түр буудалж өдрийн хоол идэцгээлээ. Өдрийн хоолны дараа “Элсэн дээрх сумо” хөгжөөнт тэмцээн нийт аялагчдын дунд зохион байгуулж энэхүү тэмцээнд Б.Мандуухай ахлагчтай 3-р багийн тамирчин Х.Мөнхтулга (ЧХОУНБ) түрүүлснээр аялагчид цааш замдаа гарлаа.


Дараагийн зогсоол Хархорин- Эрдэнэ зуу.

Аялагчид явсаар “Хархорин -Эрдэнэ зуу” хийдийн түүхэн дурсгалт газар хүрэлцэн ирлээ. Манай аялагчид Эрдэнэ зуу хийдийн түүхэн дурсгалт газартай танилцаж эхэллээ. Мөн “АХА” түүхийн сэдэвт асуулт хариултын хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж ялагчаар 1-р багийн гишүүн нислэгийн удирдагч Х.Мөнхтөр түрүүлсэн. Аялагчид замдаа гарлаа.

“Өгий нуур”-ын байгалын үзэсгэлэнт газар хүрэлцэн ирж Хатан өгий амралтын газарт байрлалаа. Аялагчид оройн хоолны дараа ядарцгаасан тул амрахаар боллоо.

2010-08-06-ны өдөр буюу аялалын 2 дахь өдөр
09.00 цаг болж өглөөний цайны цаг боллоо. Аялагчид ч гэсэн нилээн өлссөн бололтой бүгд эртлэн боссон байлаа. Өглөөний цайны дараа аялагчдад ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулснаар аяллын 2 дахь өдөр эхэллээ.
Аялагчид завь хөлөглөн Өгий нууртай танилцлаа. Зарим нь нилээн хол явсан бол зарим нэг нь бүр байрнаасаа ч хөдлөхгүй доороо л эргээд байлаа.

Завиар давихсаар байтал нэг мэдхэд өдрийн хоолны цаг болжээ.
Өдрийн хоолны дараа аяллын хөтөлбөрийн дагуу аялагчид “Өгий нуур”-ийн байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж нуур тойрон явган аялал хийлээ.
Оройн хоолны дараагаар галын наадам хийж бүжгийн тэмцээн зохиож хөгжилдөцгөөлөө.

Амралтын цаг ч болж бүгд амрахаар явлаа.

2010-08-07 өдөр буюу аялалын 3 дахь өдөр
09.00 Өглөөний цайны цаг болж аялагчид цайндаа орлоо. ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нийт аялагчдад танилцууллаа. Аялагчид замд гархаас өмнө байрласан газрын эргэн тойрныг цэвэрлэхээр гарцгаалаа. Их цэвэрлэгээний дараа аялагчид Хөшөөт цайдамыг зорин замдаа гарлаа.

“Хөшөө цайдам”-ын түүхэн дурсгалт газарт хүрэлцэн ирж түр буудаллаа.
Түүхийн дурсгалт газартай танилцаж аялагчид нийтээрээ зураг дарууллаа.
Өдрийн хоолны дараа аялагчдын дунд олс таталтын тэмцээнийг зохион байгуулж энэ тэмцээнд Н.Мөнхжаргал ахлагчтай 2-р баг түрүүллээ. Аялагчид цааш замд гарлаа. Аялагчид ИНЕГ-ын өмнөх талбайд хүрэлцэн ирж аяллыг хааж тус аялалын ахлагч Х.Бямбацогт үг хэлсэн.

Аяллын зургийн сангаас
Дэлгэрэнгүй “Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game